Д.Жавхланбаяр: Баатарлаг гавьяа байгуулсан цэргийн багт анх үүрэг гүйцэтгэсэн

img

Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны арван жилийн ой энэ онд тохиож буй. Хилийн чанадад монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж яваа олон мянган цэнхэр дуулгатнуудаараа бид бахархдаг. Тэдний төлөөлөл болгон ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Жавхланбаяртай ярилцлаа.   -Юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулаач? -Эзэн Чингисийн өлгий Хэнтий аймгийн Өндөрхаан хотод мэндэлсэн. Аавыгаа цэргийн сургуулийн сонсогч, ээжийгээ Багшийн сургуулийн оюутан байхад төрсөн учраас эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн. Харин бага насаа Сүхбаатар аймаг, Эрдэнэт хотод өнгөрүүлсэн. Тодруулбал, аавтайгаа хамт энэ газруудад “томилогдсон” гэсэн үг. Том болоод аавынхаа замналаар “цэргийн хүн” болсон юм. Миний аав  Дондогдорж гэж хурандаа цолтой хүн байлаа. Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, БХУА-д багшаар ажиллаж байсан юм. Аавыг маань цэргийнхэн андахгүй ээ. Мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхөд нь болон шавь нар нь цэргийн сайн дарга бас сайн багш байсан гэж дурсдаг. Тийм ч учраас ааваараа бахархаж, залгамж халааг нь нэр төртэй авч явахыг хичээдэг.   -Өөрөө “цэргийн хүн” болохоор шийдсэн үү, эсвэл аавынхаа хүсэлтийг хүндэтгэсэн үү? -Аавынхаа хүсэлтийг хүндэтгэсэн нь дийлэх байх аа. Гэхдээ би арван жилийн сурагч байхдаа аавынхаа мэргэжлийг өвлөх тухай боддог байсан. Тэгээд л өөрийнхөө сонирхлоор техникийн чиглэлээр суралцахаар шийдэж, 1995 онд ЦИС-ийн автотехникийн инженерийн ангид элсэж байлаа.   -Айлын хэд дэх хүү вэ? -Ууган хүү. Дороо гурван дүүтэй. Мэдээж айлын том хүүхэд учраас аав, ээжийнхээ эзгүйд дүү нараа харах, гэрээ цэвэрлэх, хоол хийх гээд л ойр зуурын ажлаа амжуулна. Ер нь айлын том хүүхдэд ажил мундахгүй шүү дээ. Тийм ч учраас би харьцангуй эрт биеэ даасан. Долоодугаар ангиа төгстөл онц дүнтэй суралцсан учраас математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нэгдүгээр сургуульд шалгалт өгч тэнцээд наймдугаар ангиа тэнд мөн л онц дүнтэй төгссөн. Бас 9, 10 дугаар ангиа нийслэлд онц дүнтэй дүүргэсэн. Ер нь тооны чиглэлийн хичээлүүдэд илүү сонирхолтой хүүхэд байлаа. Хэдийгээр гэрийн ажил их ч хичээлээ орхино гэдэг ойлголт байхгүй, яаж ийгээд л амжуулна. Ялангуяа, математикийн төрлийн хичээлийнхээ даалгаврыг орхигдуулж үзээгүй. Түүнээс гадна нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Сургуулиас зохион байгуулдаг урлаг, спортын бүхий л төрлийн арга хэмжээнд оролцоно. Бас жудогоор хичээллэдэг шаггүй бөх байлаа.   -Сурлага, урлаг, спорттой чамгүй хөдөлгөөнтэй л хүү байж дээ...? -Сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхдүүдтэй харьцуулбал даруухан, даруухан хүүхдүүдтэй харьцуулбал хөдөлгөөнтэй л хүүхэд байсан. Тухайн үед Эрдэнэтийн “Говил”-оос гавьяат тамирчин Нармандах, Эрдэнэбаатар зэрэг тамирчид дөнгөж амжилт үзүүлж эхэлж байлаа. Тэднийг дагаад их олон хүүхэд жудогийн спортоор хичээллэсэн л дээ. Би ч юу дутахав, хоёр эрэгтэй дүүгийнхээ хамтаар энэ спортоор нэлээд олон жил тууштай хичээллэсэн. Манай хоёр дүү тухайн үедээ чамгүй амжилт гаргаж, улсын болон тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн. Харин миний хувьд тухайн үедээ өсвөрийн болон залуучуудын улсын аваргын тэмцээнд зодоглож, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа.   -Шаггүй амжилт шүү. Магадгүй “цэргийн хүн” болоогүй бол гавьяат тамирчдын тоог нэгээр нэмэх ч байсан юм бил үү... -Яах байсныг хэлж таашгүй, ямартай ч спортод их л хорхойтой, элэгтэй хүүхэд байсан. Гэхдээ одоо “цэргийн хүн” болсондоо огтхон ч харамсдаггүй, харин ч сэтгэл хангалуун явна. Хэдийгээр жудогоор дагнаж өдийг хүртэл тууштай яваагүй ч спортоо бас орхиогүй. Сүүлийн жилүүдэд фитнессээр түлхүү хичээллэж байна. Ерөнхийдөө бие бялдарынхаа өв тэгш байдалд нэлээд анхаарч байгаа хэрэг л дээ. Цэргийн алба хаагч байна гэдэг үндсэндээ тамирчнаас ялгаагүй шүү дээ. БХИС-аа төгсөөд Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид томилогдож, тэр ангиас ажлын гараагаа эхэлж байлаа. Тухайн үедээ залуу офицерын хувьд Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулагддаг бүхий л тэмцээн, уралдаанд оролцдог байсан. Багаасаа спорттой нөхөрлөсөн болохоор цэрэгжилтийн спортоор муугүй амжилт гаргасан. 2003 онд Зэвсэгт хүчний 10 км-ийн гүйлтийн тэмцээнд түрүүлж байснаа тодотгож болох юм.   -Цэргийн сургууль бусад сургуулийг бодвол харьцангуй хүнд шүү дээ. Ер нь шантрах үе гарч байв уу? -Багаасаа л цэргийн амьдралыг мэдэрч, “цэргийн хүн”-ний дэргэд өссөн болохоор надад шантраад байх зүйл байгаагүй ээ. Ер нь хэн ч зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлдэг байх ёстой гэж ойлгодог. Чадахгүй нь гэж шантраад л хойш тавиад байвал бидэнд чадах зүйл гарч ирэхгүй шүү дээ. Энэ ойлголтыг би спортоор хичээллэснээр олж авсан. Спорт хүнийг аль ч талаар нь төлөвшүүлдэг гэдэгтэй 100 хувь санал нэгдэнэ.   -Цэргийн албанд хэдэн оноос ажиллаж байна? -2000 онд сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид Засварын салааны захирагчаар томилогдон ажлын гараагаа эхэлж, засварын инженер, автотехникийн албаны дарга зэрэг албан тушаалуудад 2004 оныг хүртэл ажилласан. Дараа нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангид Автотехникийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2007 онд ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны газарт мэргэжилтнээр томилогдон ирсэн. Харин 2011 оноос Энхийг дэмжих ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Энэ хугацаанд бас цөөнгүй ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэсэн.   - Таныг эх орноо төлөөлөн ЭДА-нд оролцсон цэнхэр дуулгатнуудын маань нэг гэдгийг мэднэ. Анхны ажиллагааны тань томилолт аль улс байв? -“Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцон бригадын генерал Д.Баярсайхан захирагчтай Цэргийн багийн хоёрдугаар ээлжинд анх үүрэг гүйцэтгэсэн. Баатарлаг гавьяа байгуулсан энэхүү багт, өндөр мэдлэг чадвартай цэргийн алба хаагчидтай хамтран үүрэг гүйцэтгэж, тэднээс маш их зүйлд суралцсан. Тэр ч утгаараа цаашид Энхийг сахиулах чиглэлээр ажиллаж, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх нь чухал юм гэдгийг ойлгосон. Ажиллагаанаас ирсний дараа Зэвсэгт хүчний 150 дугаар ангид шилжин ажиллах саналыг баяртайгаар хүлээн авч байлаа. ЭДА-ны чиглэлээр ажиллах үүд хаалга маань нээгдэж байгаа учраас тэр шүү дээ.   -Тэгвэл дараагийн ажиллагаа...?  -2006 онд Баруун Сахар дахь НҮБ-ын ЭСА-нд Цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн юм. Олон орны офицеруудтай мөр зэрэгцэн ажиллаж, тэднээс суралцан, офицер хүний ажлын хариуцлага, албандаа хандах хандлага зэрэгт дүгнэлт хийж, өөрийгөө байнга хөгжүүлж, боловсруулж байх ёстой юм гэдгийг тэндээс ойлгосон. Ер нь би оролцсон ажиллагаа болгоноосоо өөртөө дүгнэлт хийж, шинэ зорилт өвөрлөж ирдэг болсон. 2009 онд Афганистан Улсад анхны Үндэсний ахлах төлөөлөгч, Цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед миний үүрэг гүйцэтгэх хугацааг гурван сараар сунгасан учраас Үндэсний ахлах төлөөлөгчөөр дараагийн ээлжийн Цэргийн багуудтай хамтран ажилласан. Мөн 2010 онд АНУ-ын Төвийн командлал дахь Үндэсний холбогч багт холбогч офицероор үүрэг гүйцэтгэсэн.   -Хүний нутгаас эх орондоо тэмүүлэхгүй хэн байхав. Тухайн үед хугацааг тань сунгах шийдвэрийг хэрхэн хүлээж авч байв даа? -20 гаруй хоногийн дараа эх орондоо очно гээд л битүүхэндээ сэтгэл догдолж байлаа. Гэтэл дахиад гурван сараар хугацааг маань сунгах шийдвэр гарсан юм. Мэдээж цэргийн хүнийхээ хувьд миний гүйцэтгэх ёстой үүрэг гэж ойлгож хүлээн авсан. Харин гэр бүлийнхэнд маань нэлээд хүндхэн туссан байх. Энэ тухайгаа мэдэгдэхэд эхлээд итгээгүй, намайг тоглоод байна гэж ойлгосон. Баг нь буцаад ганцаараа үлдэнэ гэхээр үнэмшилгүй санагдсан байх л даа. Гэхдээ эхнэр маань “цэргийн хүн” учраас ойлгосон.   Эхнэрээ танилцуулахгүй юу? Бас “цэргийн хүн” болж таарлаа... -Тийм ээ. Манай гэр бүлийн хүн Г.Энхжаргал гэж ахлагч бүсгүй бий. Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид ахлах радио-телеграфчинаар ажилладаг. Бид хүү, охин хоёртой.   -Гэр бүлийнхээ хүнтэй танилцсан түүхээсээ хуваалцаач гэвэл  татгалзахгүй биз дээ...? -Төгсөх курсын сонсогч байхдаа зэргэлдээ орцныхоо ахлагч бүсгүйд сэтгэл алдраад, найз нарынхаа тусламжтайгаар танилцаж байлаа. Тухайн үед эхнэр маань  дамжаа дүүргэж ахлагч болоод ажлын гараагаа эхэлчихсэн байсан юм. Бид удалгүй анхныхаа хүүг төрүүлж, тусдаа гарсан. Өрхийн тэргүүн, хүүгийн аав болно гэдэг бас л нийгмийн өмнө хүлээсэн том хариуцлага шүү дээ. Тийм учраас энэ үүргээ сайн биелүүлж, сайн хань, сайн аав байхыг хичээж явна.   -Багаасаа гэрийн ажилд шаггүй байсан тухай ярьсан. Одоо ч хэвээрээ юу? -Тэгэлгүй яахав. Багаасаа сурсан зүйл орхигддоггүй шүү дээ. Тийм болохоор завтай үедээ гэрийн ажилдаа туслана, муугүй тогооч болчихно. Бас автын инженер мэргэжил маань нөлөөлдөг байж болох юм, аахар шаахар засварыг сайн хийнэ.   -Амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? -Фитнесс, спортоор хичээллэдэг. Бас интернэтээр аялах, ном унших дуртай. Нэг үгээр хэлбэл, эдгээр нь миний хобби. Хамгийн сүүлд “Баян ба ядуу аав”-ыг монгол хэлээр нь уншсан. Өмнө нь англи хэл дээр CD-гээр сонсож байсан. Нэлээд сонирхолтой ном л доо. Эдийн засгийн ухааныг хамгийн энгийн хэлээр, хүүхдэд ойлгомжтой байдлаар тайлбарлаж бичсэн байдаг юм билээ. Хамгийн гол нь хүүдээ уншуулах гэж монгол хэлнээ хөрвүүлснийг нь авсан юм. Бас “Их гүрнүүд” номыг англи хэл дээр уншиж байна.   -Залуу офицерт зорьж төлөвлөсөн зүйл их байна  уу? -Мэргэжил боловсролоо дээшлүүлж, цэргийн дараагийн шатны сургуульд суралцахаас эхлээд төлөвлөсөн зүйлүүд их байна. Зарим хүмүүс мөрөөдлөө хэт эрт ярьвал биелдэггүй гэдэг юм билээ. Энэ үнэн байж магадгүй, тийм учраас зарим мөрөөдлөө нууц хэвээр үлдээж болно биз дээ.   -Сүүлийн асуултыг Танд үлдээе...? -Баярлалаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны арван жилийн ойг тохиолдуулан нийт Энхийг сахиулагчид болон ЭДА-нд хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчиддаа баярын мэнд дэвшүүлж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

but:
hi saihan yariltslag baina amjilt
2012-06-29
Unshigch:
Gaihaltai. Manai shine tserguud gej medlegtei uhaalag zaluuchuud bgaad bayartai bna
2012-05-11
evrogaas:
Tanai aav eej 2toi neg 10jild buju Hentii tuviin 10jiliin neg tugsult eej Ojunchmegtei chini hamt UBDSd hamt surj tugssun uneheer aav eej 2 chini mash sain humuus shuu.Shan bna 2 naiziinhaa ur huuhdiin tuhai unshaad.Aav chin 10 jild baihdaa sport urlagt ih avyastai chuluut buh sain barilddag,10 jiliin ulger chishee hugjmiin hamtlagt bas hamt buree uleedeg bailaa
2012-05-09
OGL:
saihan yariltslaga bna. amjilt husie
2012-05-09
Gonza:
Mongolchuud dain bolj bga gazar ochih hereg bn uu,tuviig sahisan baidaltai bj boldoggyi ym boluu? Chechenyyd Orostoigoo baildah,laliin ertunts Ameriktai baildaj bhad zaaval hen negniih ni tald orj daldaganah hereg bn uu /mongol tsergyydiigee buruutgaagyi shyy !!!/
2012-05-09
bagira:
vneheer manai mongolin zewsegt hvchin hogjij bas dewshij bn ta buhendee amjilt hvsie. mongol ulsin toloo zutgie.
2012-05-09
hi:
Gadaadad tsergiin generaluud elit angidaa ordog. Mongoliin shine uyeiin bolovsoltoi oficeruud mun ee angiig burduuleh biz
2012-05-09