
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар ХБНГУ-ын Эссен хотын амбан захирагч болон түүнийг дагалдан яваа албаны бусад хүмүүсийг өчигдөр Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзжээ.Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Питер Шалльер, Эссен хотын амбан захирагч, тус хотын Анагаахын их сургуулийн эмнэлгийн захирал, Холбооны Эрүүл мэндийн яам болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны холбогдох албаны хүмүүс байлцсан байна.
ХБНГУ-ын төлөөлөгчид айлчлалын үеэр ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилттэй танилцах юм. Мөн энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах “Монгол Улсын эмнэлгийн эрүүл ахуй, халдвар хамгаалал”-ын хамтарсан симпозиумд оролцох аж.
Сайд Н.Хүрэлбаатар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, ялангуяа эрүүл мэндийн салбарт тодорхой үр дүнд хүрсэнд сэтгэл хангалуун байдгаа илэрхийсэн байна. Ялангуяа халдварт өвчин, сүрьеэ, гепатит B, C вирусыг оношлох, эмчлэх, зүрхний мэс засал, хүүхдийн цусны хавдрын оношлогоо, эмчилгээний чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцложээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ