
Дэлхийн супер од, реппэр, хөгжмийн зохиолч, продюсер Питбуллын гайхамшигт хит дуунууд 2012 оны долдугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд эгшиглэхээр болжээ. Armando Christian Pirez буюу Pitbull Монголд хүрэлцэн ирэх болсон талаар өчигдөр залуусын оролцоог дэмжигч “Be” брэнд болон “Fabulous” төслийн багийнхан, мөн Малайз улсын иргэн, продюссер Анжело Розарио нар мэдээлэл хийлээ.
Алдарт дуучин Питбулл энэ жил “Mr.Worldwide” цомгоо гаргасан нь дэлхийн хөгжмийн урсгалд тэсрэлт хийсэн бол түүний дэлхийг тойрох аялалд Азиас зөвхөн Монгол улс сонгогдож байгаа аж. Дэлхий даяар “Ноён дэлхий даяар” хэмээн өргөмжлөх болсон юм. Фэйсбүүк хуудсаар дамжуулан хөгжимд дурлагсадын дунд судалгааг хийхэд Питбулл хамгийн өндөр санал авч байжээ. Дуучин Питбуллын тоглолтууд амьд хөгжим, амьд хоолойны гайхамшгийг мэдрүүлдэг доргио, диско төрлийнх байдаг бөгөөд залуусын сонсох дуртай Женнифер Лопез, Марк Энтони, Крис Браун зэрэг одуудтай хамтарч уран бүтээл туурвидаг билээ.
Гурван цагийн турш үргэлжлэх Питбуллын тоглолт нь амьд хөгжимтэй, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг ашиглан 3D тайз босгон, хамгийн хүчтэй хөгжмийн дуугаралт, лазер шоуны гайхамшгийг мэдрүүлнэ. Мөн тоглолтод дэлхийн хамгийн секси DJ Жүйс хүрэлцэн ирэх ажээ. Женнифер Лопез, Марк Энтони, Крис Браун зэрэг одуудтай хамтарч дуулсан уран бүтээлээ хэрхэн хүргэх нь тоглолтын сюрприз гэдгийг хурлыг зохион байгуулагчид онцолж байсан.
Тоглолтын тасалбарын хувьд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн худалдаанд гарах юм байна. Та бүхэн Питбуллын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
www.pitbullmongolia.com вэб сайтаас сонирхох боломжтой. Мөн тэрээр тун удахгүй Монголчуудад хандсан мэндчилгээгээ албан ёсоор илгээх аж.

П.Наран
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ