Гал сөнөөгчдийг хотод эмчилнэ
Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн-Ам гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч амь эрсдэж, хоёр албан хаагч 80-90 хувь түлэгдсэн тухай эмгэнэлт мэдээг манай сайт хүргэсэн билээ. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө. Уг түймэр гарсан газар нь өвс өндөр ургасан байсан мөн салхины эрч байнга өөрчлөгдөж байсан нь уг түймрийг унтраахад хүндрэлтэй байжээ.
Түлэгдсэн гал сөнөөгч нарт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор түлэнхийн төвийн эмч нарын баг өчигдөр Дорнод аймагт очиж яаралтай эмчилгээ хийсэн аж. Тэднийг гэмтлийн эмнэлэгт авчирч шаардлагатай эмчилгээг хийхээр болсон байна. Баяндун сумын нутагт гарсан энэхүү ой хээрийн түймэрт ОБЕГ-ын албан хаагчдаас гадна хилийн цэргийн нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, түймрийг цурманд оруулсан байна. Энэ ажиллагааны үеэр ОБЕГ-ын алба хаагч нар хамгийн хүнд үед ажилласан гэдгийг онцолсон юм.
Э.Сувд Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ