
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн өргөтгөлөөр барих Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. “Хүүхдүүд тэр тусмаа өнөөдөр өвчин шаналалд шаналж буй хүүхдүүд, тэдний эцэг эхэд туслах сайхан арга хэмжээ болж байгаад баяртай байна. Монгол хүүхдүүдэд туслах саналаа Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад дуулгаж, тэд маань ч сайн хүлээж авснаар өнөөдөр ажил хэрэг боллоо” хэмээн бурхан шашны гэгээнтэн Ажиа Рэнбүүчи шав тавих ёслолыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг барих саналыг анх АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллага хөрөнгө босгох ажлыг хийж байгаа аж.
ЭХЭМҮТ нь 0-18 насны хүүхдэд гуравдахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг бөгөөд тус төвийн Хүүхдийн эмнэлэгт жилд 35 мянган хүүхэд хэвтэн эмчлүүлж, 100 мянган хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээг авдаг аж. Сүүлийн жилүүдэдэ тус эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй цусны хавдартай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа аж. 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өсчээ. Зөвхөн цус бус бусад эрхтний хавдартай хүүхдийн тоо өсөх хандлагатай болсон үед энэхүү эмнэлэг шаваа тавьж байгаа нь нүдээ олсон хэрэг гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хэлсэн юм. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдаар баталгаажуулсан дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд Цусны эмгэг судлалын тасгийг хүүхдийн цусны эмгэг-хавдрын төв болгон өргөтгөх зорилго тавьсантай давхцаж байгааг нээлтийн үеэр онцоллоо.
Энэхүү шинэ эмнэлэгт хавдартай хүүхдүүдийн эмчилгээг гэр бүлийн уур амьсгал бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй, цэвэр орчинд хийх боломжийг бүрдүүлэх юм байна. Мөн бүх төрлийн шинжилгээ хийх лабораторитай, орчин үеийн эмнэлгийн стандартыг бүрэн хангасан цусны эмгэг хавдрын эмчилгээ, оношлогооны иж бүрэн төв болох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ