
Украйны хуучин ерөнхий сайд Юлия Тимошенко сүүлийн гурван долоо хоногийн турш зарлаад байсан өлсгөлөнгөө эцэс болгож эмнэлгийн үйлчилгээ авахыг хүлээн зөвшөөрсөн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мягмар гаригт мэдээллээ.
Хэвлэлийн төлөөлөгч Марина Сороковагийн мэдэгдснээр, дөрөвдүгээр сарын 20–ноос хойш өлсгөлөн зарлаад байсан Тимошенког өнөөдөр Харьковын зүүн талд орших хотын эмнэлэгт шилжүүлэхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн онд эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутгагдаж долоон жилийн ялаар шийтгүүлээд байсан юм.
“Шоронд намайг ухаан алдтал цохисон” гэж мэдэгдснийхээ дараа Тимошенко олны анхаарлыг “эрх мэдлийн хомсдол болон хүчирхийлэл”-д хандуулах зорилгоор өнгөрсөн сард өлсгөлөн зарласан аж.
Украйны албаны хүмүүс Тимошенкогийн мэдэгдлийг нарийвчлан судласан боловч бататгах үндэслэл олдоогүй хэмээн мэдэгдсэн бол Европийн холбооны гадаад бодлого хариуцсан дарга Кетирин Аштон Украйны Зөрчил Гомдол Шийдвэрлэх Газар уг мэдэгдлийг баталсан болохыг өнгөрсөн сард мэдээлж байсан юм.
Аштон Украйнаас хорих газар дахь харгислал, хүнлэг бус, доромжилсон харилцааны тухай ямар ч гомдлыг шуурхай хүлээн авч шударгаар шалгаж байхыг хүсч буйгаа нэмж хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ