
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн аманд баригдаж буй барилга нурж, олон хүн дарагдсан гэх мэдээллийн дагуу манай сурвалжлах баг тус газрыг зорьсон юм.
Ослын газарт очиход Нүхтийн амралт хүрэх замын баруун талын энгэрт баригдаж байсан барилга нурж, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналт зэрэг холбогдох албаныхан ажиллаж байлаа.
Хан-уул дүүргийн Цагдаагийн хэлтэсийн хэв журмын хэлтэсийн дарга Х.Ууганбаярын мэдээлснээр “Ослын дуудлага 15.30 цагт ирсэн бөгөөд 30х14 харьцаатай, хоёр давхар амины орон сууцны зориулалтаар баригдаж байсан тус барилгыг иргэн О.Мэндсайхан захиалсан байжээ. Тухайн үед уг барилга дээр 14 хүн ажиллаж байсан ба осол гарах үеэр зургаан иргэн дарагдсан. Онцгой байдлын аврагчид эхний таван хүнийг гаргаж, ЯТТ-ийн автомашинаар Гэмтэл согогийн үндэсний төв рүү хүргэлээ. Нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Харин уг барилгыг бариулж байсан иргэн О.Мэндсайхан, барилгын инжинер зэрэг холбогдох хүмүүс ослын газарт ирээгүй байв. Тухайн үед ажиллаж байсан барилгачдаас тодруулга авахыг хүссэн ч “Бид хууль хяналтын байгууллагад л мэдээлэл өгнө” гэж бидний асуултад хариулт өгөхөөс татгалзсан юм.
Албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх барилгад ажиллаж байсан иргэд нь ямар нэгэн компанийн нэр дээр бус бригад болон барилгын ажил хийдэг нэг гэр бүлийн хүмүүс болон найз нөхдөөрөө ажиллаж байжээ. Тодруулбал, аав нь хүүхдүүдтэйгээ ажиллаж байсан гэнэ. Харин эрэн хайж байгаа нэг иргэн нь тэдний аав байсан юм. Тэрбээр Увс аймгаас хоёр сарын өмнө нийслэл хотод ажиллахаар ирсэн бөгөөд 54 настай Д гэгч иргэн аж. Мөн уг барилга нь газрын зөвшөөрөлтэй л болохоос холбогдох мэргэжлийн байгууллагуудаас барилга барих ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр ажлаа эхлүүлсэн болохыг мэдээлж байсан. Харин албан бус мэдээллээр уг ослын өмнөхөн тус барилгын нэг давхрын шалны суурин дээр хоёр давхрын таазны хэсгийг нь бүрэн цутгамалаар хийхээр тулгуур багана, бэхэлгээ зэргийг бүрэн хийж дуусаагүй байжээ. Тухайн үед бетон зуурмагын “Бэхбат” гэх компанийн цементэн зуурмаг бүхий хоёр автомашин ирж, цутгалт хийгээд буцсан аж. Цутгалт хийгдсэнээс хойш удалгүй уг тулгуур багана, тааз бүхий нойтон цементэн зуурмаг урдаасаа хойшоо чиглэлээр нуран унаж, дээрх иргэдийг дарсан юм байна.
Зургаа дахь иргэнийг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын 60 гаруй аврагчид оролцож, нойтон зуурмагийг хатахаас нь өмнө амжихаар төмөр гагнаас бүхий арматурын төмрийг зайлуулж, өөрсдийн бүхий л боломж бололцоогоо дайчлан ажиллаж байсан юм. Нэгэн аврагч “Бидний ажил хүнд хэцүү, хичнээн цаг зарцуулахыг таах аргагүй. Гэхдээ осолд өртсөн хүнээ эсэн мэнд, энх тунх аварч чадвал хичнээн ядарсан байсан ч тэр бүхнээ мартаж орхидог юм ” хэмээн өгүүлж байв. Үнэхээр тэдний ажлаа чин сэтгэлээсээ хийж байгааг харж зогсоход энэ цагийн жинхэнэ баатрууд юм даа гэсэн сэтгэгдэл төрж байсныг нуух юун.
Онцгой байдлын албаныхны хэлж байгаагаар “Гурван цаг гаруйн өмнө болсон энэ осолд орж, барилгад дарагдсан хүн амьд байх магадлал тун бага байна” хэмээн хэлж байсан ба Эрэн хайх ажиллагаа дөрвөн цаг орчим үргэлжилсэн юм. 19.25 цагт дарагдсан иргэний байршлийг тогтоосны дагуу аврагчид түргэн шуурхай ажиллаж, түүнийг гаргаж авсан. Харамсалтай нь дөрвөн цаг орчим цементэд дарагдсан тэрээр амь насаа хэдийн алдсан байсан тул түүний цогцсыг Шүүх эмнэлэг рүү шилжүүлэхээр авч явсан юм. Харин талийгаачийн ар гэрийнхэн уйлсаар үлдсэн бол аврагчид цөм гунигтай харцаар бие биенээ чимээгүйхэн ширтэж зогслоо.
Энэхүү ослын шалтгаан, барилгын зураг төслийн дагуу баригдаж байсан эсэх, зөвшөөрөлгүй барилга эхлүүлсэн зэрэг асуудлыг мэргэжлийн байгууллагууд нарийвчлан судалж, хуульд заасан хугацаанд дүгнэлтээ гаргана. Гэхдээ урьдчилсан байдлаар уг барилга нь стандартын дагуу баригдаагүй, бэхэлгээ муу байснаас болсон гэж албаныхан үзэж байлаа.
Дашрамд дуулгахад, сүүлийн жилүүдэд хувь хүмүүс дангаараа бригад байгуулан барилгын салбарт ажиллах нь нэмэгдсэн. Гэтэл ингэж иргэд хувиараа ажиллахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрэм журмыг мөрддөггүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарч байгаа. Иймд холбогдох мэргэжлийн байгуулагууд барилгыг баригдсан хойно нь шалгах бус, баригдах явцын шалгалтаа сайжруулах цаг хэдийн ирснийг энэхүү харамсалтай хэрэг харуулж байна.


Сурвалжлагч П.Наран
Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ