Чанаргүй барилгууд хүний аминд хүрч эхэллээ
Соц нийгмийн үед баригдаж буй барилга стандарт шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавих бүхэл бүтэн эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байв.
Эрдэмтдээс багаа бүрдүүлсэн тэдгээр мэргэжилтнүүд өдгөөгийн тавин жилийн түүхтэй байшин нэг бүрийн эс ширхэг бүрийг хатуу хянадаг байсан хэрэг.
Тиймдээ ч нийслэлд баригдсан 13, ес, тав, гурван давхар нурж хүний аминд хүрчээ гэх харамсалтай мэдээлэл өнөөдрийг хүртэл сонсогдоогүй. Тухайн үед стандарт шаардлага хангаагүй орон сууц баригдсан бол барилгачин ч инженер нь ч шууд “дээлээ нөмөрдөг” байсан тул хэн ч алдаа гаргахыг хүсдэггүй байсан биз.
Гэтэл дэлхий нийтээрээ техник технологийн шинэ дэвшилтэд хүрсэн өнөө үед монголд барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэдэг моод дэлгэрэв. Үүнд юу нөлөөлж байна вэ. Мэдээж монголчууд барилгын үндсэн материалаа 100 хувь хятадаас импортлодог. Учир нь урд хөршийн бүтээгдэхүүний үнэ хямд. Оросынх үнэтэй гэж үздэг. Тиймээс монголчууд урд хөрш руу хошуурах болсон. Халаасныхаа хэмжээнд хэрэглээгээ тааруулж байна гэж зөвтгөх наймаачид олон. Хятадууд ч аливаа зүйлийг богино настай хийж хямд үнээр зарж ашиг олохдоо гаргуун. Тэрхүү арганд нь хууртсан барилгын хувийн компанийн боссууд тоосго, арматураас эхлээд цонх шил бүхнээ хятадуудын гараас авдаг уламжлал тогтоов.
Түүгээр ч үл зогсон Улаанбаатарт зогсоо зайгүй өндөр барилгуудыг сүндэрлүүлж эхэлсэн билээ. Гэвч үнэ дагаж чанар гэх зах зээлийн хуулиар нөгөөх өндөр орон сууцнууд тараа таниулж эхэлсэн. Энэ талаар л олон баримт бий.
Энэ мэт олон баримтыг дурдаж болно. Иймэрхүү чанаргүй бүтээгдэхүүнээр барьсан богино настай, хэзээ ч нурж мэдэхээр айдаст автуулсан олон арван орон сууцыг барьж буй компаниуд хамгийн хямд өртөгтэй барилгын материал сонгож буй нь тодорхой. Үүнд нь мэргэжлийн байгууллагууд хэрхэн хяналт тавьдаг нь тодорхойгүй. Хамгийн гол нь тухайн барилгыг барьж буй материал чанарын шаардлага хангасан эсэхийг нарийн тогтоодог лаборатори мэргэжилтэн байдаг бол байгаад ажлаа хийдэг бол өнөөдөр монголд чанаргүй хог новш шиш барилганцар баригдахгүй л байсан болов уу. Өчигдөрхөн гэхэд Нүхтэд баригдаж байсан барилгатай холбоотой томоохон осол гарч олныг цочирдуулав.
Хэдийгээр мэргэжлийн байгууллага ослын дүгнэлтийг гаргаж амжаагүй ч бас л барилгын түүхэн эдтэй холбоотой осол гарлаа гэх урьдчилсан таамаглал байна. Ослын талаар нэхэн сануулбал, Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн аманд баригдаж буй барилга нурж, олон хүн дарагдсан тухай мэдээлэл манай сайтад ирж шуурхай сурвалжлах баг ослын газарт очсон юм. Газар дээр нь очсон хамгийн эхний мэдээллээр О.Мэндсайхан гэгч хүний бариулж байсан гурван давхар барилгыг барих явцад осол гарч зургаан хүн дарагджээ. Уг барилга нь газрын зөвшөөрөлтэй ч холбогдох мэргэжлийн байгууллагуудаас барилга барих ямар нэгэн зөвшөөрөл авалгүй ажлаа эхлүүлсэн гэх.
Харин албан бус мэдээллээр уг ослын өмнөхөн тус барилгын нэг давхрын шалны суурин дээр хоёр давхрын таазны хэсгийг нь бүрэн цутгамалаар хийхээр тулгуур багана, бэхэлгээ зэргийг бүрэн хийж дуусаагүй байжээ. Тухайн үед бетон зуурмагын “Бэхбат” гэх компанийн цементэн зуурмаг бүхий хоёр автомашин ирж, цутгалт хийгээд буцсан аж. Цутгалт хийгдсэнээс хойш удалгүй уг тулгуур багана, тааз бүхий нойтон цементэн зуурмаг урдаасаа хойшоо чиглэлээр нуран унаж, ажилчдыг дарсан аж. Онцгой байдлын албаныхны хэлж байгаагаар “Гурван цаг гаруйн өмнө болсон энэ осолд орж, барилгад дарагдсан хүн амьд байх магадлал тун бага байна” хэмээн хэлж байсан ба хайх ажиллагаа дөрвөн цаг орчим үргэлжилсэн юм.
19.25 цагийн орчимд дарагдсан барилгачны байршлийг тогтоосны дагуу аврагчид түргэн шуурхай ажиллаж, түүнийг гаргаж авсан. Харамсалтай нь дөрвөн цаг орчим цементэд дарагдсан тэрбээр амь насаа хэдийнэ алдсан байсан тул түүний цогцсыг Шүүх эмнэлэг рүү шилжүүлэхээр авч явжээ: Энэхүү ослын шалтгаан, барилгын зураг төслийн дагуу баригдаж байсан эсэх, зөвшөөрөлгүй барилга эхлүүлсэн зэрэг асуудлыг мэргэжлийн байгууллагууд нарийвчлан судлаж, хуульд заасан хугацаанд дүгнэлтээ гаргана. Гэхдээ урьдчилсан байдлаар уг барилга нь стандартын дагуу баригдаагүй, арматурууд нь чанарын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт өгч буй. Нөгөөх л чанаргүй бүтээгдэхүүний хор гарч буй хэрэг. Саяхан гэхэд л төрийн болон төрийн бус таван байгууллага нийлж, нийслэл хотод шинээр баригдаж байгаа барилга байшинд хяналт шалгалт хийжээ.
Гэхдээ зөвхөн барилгад ашиглаж байгаа цонх, хаалганд шалгалт хийсэн байна. Энэ удаагийн шалгалтад шинээр баригдсан 45 барилга хамрагджээ. Үүнээс 37 барилга чанар стандартын шаардлага хангаагүй, цонх, хаалга үйлдвэрлэх эрх аваагүй компаниуд байсан байна. Өөрөөр хэлбэл хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан цонх, хаалганы үйлдвэрүүдээс барилгынхаа цонх, хаалгаа авсан гэсэн үг. Наад зах нь цонх, хаалга үйлдвэрлэгчид ихэвчлэн угсралтын болон суулгалтын стандартыг зөрчдөг аж.
Уг нь манай улсад 2007 онд хуванцар цонх, хаалганы стандарт батлагдсан байдаг. Мөн энэ жил суулгалтын болон шилний стандарт батлагджээ. Энэхүү стандартуудыг дагаж мөрдөнө гэдэг үлгэр болж хувирсан. Зөвхөн хуванцар цонх хаалга 30-40 жилийн насжилттай байх шаардлагатай. Гэтэл 30-40 жил болох нь битгий хэл жил ч хүрэхгүй эвдрэх, гажих асуудал гарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Ийн хямд өртөгтэй материалаар босч буй барилгууд түрүүчээсээ хүний аминд хүрч эхэллээ. Үүнд мэргэжлийн байгууллага холбогдох хууль хяналт, шийдвэр гаргах түвшинийхэн анхаарлаа хандуулахгүй бол Монголд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх мөчид олон арван хүний амь нас хохирч болохыг өчигдрийн баримт харуулж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ