Хурандаа О.Зоригт мэс засалд оржээ
Сонгуулийн үеэр хүний амь үрэгдсэн хэрэгт холбогдсон НЦГ-ын дарга асан, хурандаа О.Зоригт Улсын клиникийн II эмнэлэгт мэс засалд оржээ.
Түүний цусан дахь сахарын хэмжээ нь ихэссэнээс үе мөч рүүгээ орж, улмаар хөлийнх нь хуруунууд мэдээгүй болж, яаралтай мэс засалд орох эмчийн дүгнэлт гарсан юм байна. Хагалгааны дараа биеийн байдал нь хэвийн. Эмчилгээ үргэлжилж байгаа аж.
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас таван хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг өнгөрөгч сараас эхлэн Цагдан хорих төвд саатуулагдсан ч хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт нарын эрүүл мэндийн байдал муудаж тус төвийн эмнэлгээс Улсын клиникийн II эмнэлэгт шилжсэн юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ