
УИХ-ын чуулган завсарлав. Үдээс өмнөх хуралдааны эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдрийн чуулганы эхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр, Н.Энхбаярын биеийн байдлын талаар хүчний байгууллагуудад болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт бичиг явуулсан ч хариу ирэхгүй байна гээд, МАХН-аас гаргасан мэдэгдлийг уншиж танилцуулсан юм.
Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлын хүрээнд “УИХ-ын дарга хуулийн хүрээнд ажиллана. Иймд энэ асуудлыг хуулийн хүрээнд явуулах ёстой” гэдэг байр суурьтай байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Түүнчлэн Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейханд Эрүүл мэндийн яамтай ярьж анхаарал тавихыг, мөн хуулийн байгууллагууд хуулийг зөв хэрэгжүүлж байна уу гэдэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хяналт тавьж ажиллахыг анхааруулаад, “УИХ ийм механизмтай, ингэж ажилладаг зарчимтайг УИХ-ын дарга мэдэгдээд, хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрх эдэлж, хуулиа нийтээрээ дээдэлж ажиллах ёстой” хэмээлээ.
Үүний дараа чуулганы хуралдаанаар Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Стратегийн ач холбогдол бүхий а ж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Үдээс хойш хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий а ж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслөөр санал хураалт явуулах асуудлаар эхэлнэ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ