
Хятадын ЕБС-ийн элсэлтийн шалгалтыг зохион байгуулагчид оюутнууддаа дуслаар амин дэм өгч байна. Амин хүчил нь хүний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, алдсан энергийг нөхөх давуу талтай байдаг байна.
Дэлхийн олон улсад ЕБС, Их дээд сургуулиудын төгсөлтийн болон элсэлтийн шалгалтууд тун удахгүй болох гэж байна. Оюутан сурагчид шалгалтандаа бэлдээд өдөржин шөнөжин хичээлээ давтаж, нойроо хүргэхгүй ядрахгүйн тулд кофе, эрч хүч өгдөг ундаа, шингэн зүйлс ууж байна.
Харин Хятадын Хебей мужын оюутан сурагчдын хувьд шалгалтанд орохынхоо өмнө нэгдсэн байдлаар Ай-ВИ Дрипс буюу судсаар амин хүчил хийлгүүлж байна. Хятадын хувьд элсэлтийн шалгалт өгнө гэдэг хамгийн хатуу, шалгуур өндөртэй. Мөн өрсөлдөгч ихтэй байдаг учир сайн бэлдэх шаардлагатай болдог.
Хүний биед хэрэгтэй амин хүчил тариулснаар хүний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Хичээл давтаж байхдаа алдсан энергийг нөхдөг. Цаашлаад хүний биеийг эрүүл байлгадаг учир холбогдох хүмүүс хориглохгүй байна. Тиймээс мужийн эрх баригчид зохион байгуулалттайгаар амин хүчил тарихыг зөвшөөрөөд байна.
Хятадын зөвхөн эх газарт л гэхэд 2300 орчим их дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 20 орчим сая оюутан тэдгээрт суралцаж байна. 1990-ээд онд улсын сургуулиуд их байсан бол 2000-аад оноос хувийн их дээд сургуулиуд олноор бий болжээ. 20 сая орчим оюутны 6 хувь нь одоогоор хувийн их дээд сургуульд суралцаж байна гэсэн судалгаа байдаг.
Хятад улсын боловсролын системийн чанар дээшилж, Хятад хэл дэлхийн худалдааны хэл болж байгааг тооцон мөн хямдыг нь бодон Европ болон АНУ-ын иргэд Хятадад ихээр ирж суралцаж байна.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ