
Цунами болон бусад хүндрэлээс болж ашиг нь буураад байсан Японы автомашины үйлдвэрлэлийн гигант гэгддэг Тоёота компанийн үйл ажиллагаа одоо л хэвийн байдалдаа орж ашиг орлого нь нэмэгдэж байна. Тоёота компани саяхнаас хөдөлгүүрөө хилийн чанадад үйлдвэрлэж эхлээд байна.
Өнгөрсөн жил Японд болсон газар хөдлөлт, Тайландад болсон үер, иений ханшны чангаралт зэргээс болж үйл ажиллагаа нь доголдоод байсан Тоёота компанийн ашиг орлого өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өссөн дүн гарсан байна. Энэ жилийн эхний хагасын байдлаар Тоёота компани 3.5 тэрбум долларын ашигтай ажилласан байна.
Тоёота компанийн ерөнхийлөгч Акио Тоёота эдийн засгийн хүндрэлээс гарахад гол үүрэг гүйцэтгэсэн компанийнхаа ажилчид болон үнэнч худалдан авагчиддаа баярласан талархснаа илэрхийлсэн байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар Тоёота компанийн ашиг 18.9 хувиар нэмэгдсэн байна.
Мөн АНУ-д үйлдвэрээ ихээр гаргасан нь иений ханш өсөлтөөс болж бүтээгдэхүүний үнэ өсч байсан хүндрэлээс гарахад тус болсон байна. Мөн үйлдвэрлэлээс хамааралтай гэмтэл гарах үед цаг алдалгүй эргүүлэн татаж байсан нь худалдан авагчдын итгэлийг алдаагүй буюу худалдан авагчдаа алдаагүй байна.
Тоёота компани зөвхөн хөдөлгүүрээ Япондоо үйлдвэрлэж бусад эд ангийг хилийн чанадад хямдаар үйлдвэрлэдэг байсан. Харин Японы дотоодод нь иений ханш чангарч, бүтээгдэхүүний үнэ өсч эхэлсэн нь хөдөлгүүрийг мөн хилийн чанадад үйлдвэрлэхээс өөр аргагүйд хүргсэсэн байна.
Саяхнаас Кентаки мужид тоёота хөдөлгүүр үйлдвэрлэж эхлээд байна. 2014 гэхэд Кентаки дахь үйлдвэртээ 100-500 мянган хөдөлгүүр үйлдвэрлэхээр зэхэж байна. Тоёота компанийн хамгийн их зарагдаж байгаа холимог буюу хибрид хөдөлгүүртэй Приус маркийн машиныг 2015 он гэхэд АНУ-д л гэхэд 100 мянга орчим, Хятадад мөн олон тоогоор үйлдвэрлэхээр зэхэж байна.
Тоёота Приус маркийн машин нь холимог цахилгаан хөдөлгүүртэй энэ төрлийн машин дотроо дэлхийд хамгийн эрэлт хэрэгцээтэй, борлуулалт ихтэй байгаа юм байна. Энэ жил л гэхэд АНУ-д 200 мянга орчим Тоёота Приус үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Америкт мөн суудлын машин дотроос Тоёота Камри хамгийн чанартай, удаан хэрэглэгддэг, хамгийн аюулгүй гэдгээрээ борлуулалт сайтай.
Эдийн засагчдын тооцож байгаагаар ирэх жилийн мөн үе гэхэд ашиг орлого 3 дахин нэмэгдэж, 9 тэрбум орчим долларт хүрэх магадлалтай байгаа юм байна. Эдийн засгийн хямралаас өмнө Тоёота компани Америкийн аварга ЖМ моторсыг ардаа орхиж дэлхийн зах зээл дээр хамгийн их машин борлуулсан компани болж байсан юм.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ