ХБНГУ-ын хоршооллын салбарын үйл ажиллагаатай танилцав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөө, орон нутагт ажлын байр бие болгох, өрхийн амжиргааг дээшлүүлэх, шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах зорилгоор “Хөдөөг хоршоолох аян”–ыг эхлүүлэн сум болгонд жишиг хоршоо байгуулах зорилго дэвшүүлсэн. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Баянмөнх тэргүүтэй, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга нар ХБНГУ-ын хоршооллын салбарын үйл ажиллагаатай танилцан, туршлага судлаад иржээ. Энэхүү танилцах аялал нь онол, практик хосолсноороо манай төлөөлөгчдөд зөвхөн онол, хууль эрх зүйн орчны талаар ойлголт өгөхөөс гадна Германы хоршоодын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай газар дээр танилцах боломж олгосноороо өндөр ач холбогдолтой болсон байна. ХХААХҮ дэд сайд П.Баянмөнх аялалын хүрээнд ХБНГУ-ын “Хоршоолол, Райфейсений Холбоо”-ны ТУЗ-ын гишүүн ноён Ленхоф болон тус холбооны Гадаад харилцааны газрын орлогч дарга ноён Каппес нартай албан ёсны уулзалт хийж “Хөдөөг хоршоолох аян”-ны хүрээнд сумдад жишиг хоршоо байгуулахад хамтран ажиллах, урт хугацааны төсөл хэрэгжүүлэх, онол, практикийн сургалтуудыг Монголд зохион байгуулах талаар санал солилцжээ. ХБНГУ-ын “Хоршоолол, Райфейсений Холбоо” манай тавьсан саналыг судлан үзэж ойрын хугацаанд хамтран ажиллах боломжийг судлах багийг Монголд илгээхээр болсон байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ