
“Эрүүл мэнд-Эрхэм баян” Иргэдийн нээлттэй индэрийн дөрөвдэхь удаагийн хэлэлцүүлэг ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвд 16-18 цагийн хооронд болж байна. Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн сайдын эдийн засгийн Зөвлөх Д.Чимэддагва удирдан явуулж, “Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгал” сэдвээр цөм илтгэл тавьж, хэлэлцүүлнэ. Иргэний эрүүл мэндийн даатгалын асуудлаар санал бодлоо солилцохоор дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд хэлэлцүүлэгт ирж оролцохоо мэдэгдээд байна. Мөн иргэдийн төлөөлөл төлбөртэй үйлчилгээний талаар санал хүсэлтээ илэрхийлэн оролцох ажээ.
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 72, 75 тоот тушаалуудаар Сайдын зөвлөлийн бүрэлдхүүнийг томилж, зөвлөхүүд ажилдаа ороод байгаа. Н.Хүрэлбаатар сайдын эрүүл мэндийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Н.Баярсайхан, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхөөр Академич П.Нямдаваа, эмнэлгийн тусламж хариуцсан зөвлөхөөр Доктор, професор Б.Батсэрээдэнэ, эрүүл мэндийн боловсрол, иргэдийн оролцоо хариуцсан зөвлөхөөр Доктор Л.Одончимэд, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр Доктор Б.Оргил, эмийн асуудал хариуцсан зөвлөхөөр Професор С.Цэцэгмаа, уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөхөөр Академич Ш.Болд, эрүүл мэндийн эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөр Д.Чимэддагва нар томилогдон ажиллаж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ