
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй мод, модон материалын төрөлжсөн захуудын цаашдын үйл ажиллагааны талаар чиглэл өгөхөөр БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өнөөдөр захуудын удирдлагуудтай уулзлаа. Мөн энэ уулзалтаар өмнө өгсөн үүргийн дагуу хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар мэдээлэл авч, мод, модон материалын төрөлжсөн захуудын экологийн хариуцлагыг чангатгах талаар авах арга хэмжээний талаар санал солилцов. Тэр дундаа БОАЖЯ-наас батлан гаргаж буй экологийн хариуцлагын гэрээ байгуулах талаар ярилцав.
Мод, модон материалын болон барилгын материалын зах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн газар, түүнчлэн ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, шилжүүлэн суулгасан талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгох журмыг БОАЖЯ-наас батлан гаргалаа.
Мөн ойн төлөв байдал доройтохоос урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүй байх үүднээс хууль бусаар бэлтгэсэн мод, модон материалыг зарж борлуулдаг гол цэг болсон мод, модон материалыг худалдаалах төрөлжсөн захуудын үйл ажиллагааг хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн сайжруулах зорилгоор Экологийн хариуцлагын гэрээний загварыг гаргаад байна.
Үүнтэй уялдуулан мод, модон материалыг худалдаалах төрөлжсөн захын үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй экологийн хариуцлагын гэрээг энэ оны эхний хагаст шинэчлэн байгуулахаар холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ