
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар троллейбусны угсралт хийх үйлдвэрийн байр манай улсад анх удаа ашиглалтад орлоо. Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар Цахилгаан тээвэр компанийн угсралтын үйлдвэрлэлийг шугаман дамжлагад шилжүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин өсч, жилд 80-100 ширхэг троллейбус, доубус угсарч үйлдвэрлэх техник технологийн боломжоор хангагдаад байгаа аж.
Тус компани 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор анхны JEA-800 маркийн троллейбус угсарч эхэлснээс хойш нийт 41 троллейбус, доубус угсарч үйлдвэрлэн ашиглаж байна. 2008 онд JEA-800F маркийн доубус хоёрыг экспортод гаргажээ.
Машин үйлдвэрлэлийн шинэ салбар хэмээн тодорхойлж буй энэхүү төвийг тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг бэхжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд цаашид ч нийслэл дэмжиж ажиллана гэдгийг хотын дарга энд хэлсэн үгэндээ онцлоод өөрсдийн зураг төслөөр, өөрсдөө угсарч буй монгол инженерүүддээ ажлын их амжилт хүслээ.
П..Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ