БОАЖ-ын сайд мод, модон материалын төрөлжсөн захын удирдлагуудтай уулзлаа

img

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй мод, модон материалын төрөлжсөн захуудын цаашдын үйл ажиллагааны талаар чиглэл өгөхөөр БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өнөөдөр захуудын удирдлагуудтай уулзлаа.   Уулзалтад БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Ойн газрын дарга М.Тунгалаг, Ойн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Төмөрхүү, Ойн газрын Ойн ашиглалтыг зохицуулах хэлтсийн дарга Л.Ням, Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тасгийн дарга Ч.Ганбаатар, НБХГ-ын дарга Ю.Дэлгэрмаа, Ойн албаны дарга Т.Чингэл, НМХГ-ын БОАЖГУУХХ-ийн дарга Ц.Нямдорж, БОХ-ын байцаагч Д.Батзориг, УМБГ-ын БХЖЭГХМХ-ийн дарга Б.Цоодол нар оролцов.   Энэхүү уулзалтаар өмнө өгсөн үүргийн дагуу хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар мэдээлэл авч, мод, модон материалын төрөлжсөн захуудын экологийн хариуцлагыг чангатгах талаар авах арга хэмжээний талаар санал солилцов. Тэр дундаа БОАЖЯ-наас батлан гаргаж буй экологийн хариуцлагын гэрээ байгуулах талаар онцлон ярилцлаа. Тодруулбал, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өнгөрөгч хоёрдугаар сарын 9-нд хууль бус мод бэлтгэлийн өнөөгийн байдал, түүнтэй тэмцэж буй үйл ажиллагаатай БОАЖЯ, МХЕГ, Ойн газар, УМБГ, НБХГ, МБОИЗ, ТББ, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүний хамтаар мод, модон материалын зарим захын удирдлага, түрээслэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.   Ойн салбар дахь хууль бус үйл ажиллагаа, ялангуяа хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх явдал нь Монгол орны төдийгүй олон улсын хүрээнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай чухал асуудлын нэг болоод байгаа юм. Энэ хууль бус үйлдэл нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шударга бус өрсөлдөөнд түлхэж, ойн салбарт нийгмийн болон экологийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх, ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх итгэл алдагдуулах хортой нөлөө үзүүлдэг.   Иймээс энэ үйлдлийг өргөжихөөс сэргийлэхийн тулд зах зээл-борлуулалт, мод бэлтгэл, боловсруулалтын удирдлагын менежментийг бэхжүүлэх, зах зээлд экологийн болон нийгмийн хариуцлага бий болгох зайлшгүй шаардлага гарч байна. Энэ шаардлагад үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мод, модон материалын болон барилгын материалын зах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн газар, түүнчлэн ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, шилжүүлэн суулгасан талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгох журмыг БОАЖЯ-наас батлан гаргалаа.   Мөн ойн төлөв байдал доройтохоос урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүй байх үүднээс хууль бусаар бэлтгэсэн мод, модон материалыг зарж борлуулдаг гол цэг болсон мод, модон материалыг худалдаалах төрөлжсөн захуудын үйл ажиллагааг хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн сайжруулах зорилгоор Экологийн хариуцлагын гэрээний үлгэрчилсэн загварыг гаргаад байгаа аж.   Үүнтэй уялдуулан мод, модон материалыг худалдаалах төрөлжсөн захын үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй экологийн хариуцлагын гэрээг энэ оны эхний хагаст шинэчлэн байгуулахаар холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө. Үүнд:   •Ойн тухай хууль, тогтоомж, “Мод, модон материалын төрөлжсөн захын үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS5162:2011” стандартыг мод, модон материалын төрөлжсөн зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа худалдагч, худалдан авагч, арилжаанд оролцогчид, үйлчлүүлэгчдэд таниулан сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, ажиллах хэрэгтэй.   •Мод, модон материалыг худалдаалах төрөлжсөн зах дээр лангуу, талбай түрээслэн ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Ойн тухай хууль, тогтоомж, холбогдох стандартуудыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд тэдэнд лангуу, талбай түрээслүүлэх үйл ажиллагааг зогсоож, холбогдох байгууллагуудад мэдэгдэн хариуцлага тооцуулах арга хэмжээг тухай бүр авч байх шаардлагатай байна.   •Хэрэв мод, модон материалыг худалдаалах төрөлжсөн зах дээр лангуу, талбай түрээслэн ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод, модон материал тээвэрлэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй, хууль бусаар бэлтгэсэн мод, модон материал борлуулсан зөрчил, дутагдал гаргасан байтал түүнийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй нь нотлогдсон тохиолдолд уг захтай байгуулсан экологийн хариуцлагын гэрээг цуцалж, захын үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ