“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 18 дах дугаарын тойм

img

Өнөөдөр хэвлэгдэн гарч буй Эмхэтгэлийн шинэ дугаарт, Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протоколыг баталсан хуулийг нийтэллээ.  Ийнхүү гэрээнд нэгдэн орох асуудал нээлттэй бөгөөд үүнийг Зүүн өмнөд Азийн бүх улс зөвшөөрсөн байх ёстой ажээ.

 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт нийтэллээ. Хуулиар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, уг сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах ажээ. Сонгуулиар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 төлөөлөгчийг сонгох бөгөөд 30-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн тойргоос, 15-аас илүүгүй нэр дэвшигчийг улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор хуульчилсан байна. Дээрхи хууль батлагдсанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оржээ.

 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосон Монгол Улсын Их Хурлын тогтоолыг мөн нийтэллээ.

 Эрчим хүчний зохицуулах хорооны  дүрэм батлах тухай Засгийн газрын тогтоолоор Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон өөрчлөн  байгуулж, тус хорооны дүрмийг баталсан байна. Дүрмээр хорооны болон түүний дарга, гишүүдийн эрх, үүрэг, хорооны зохион байгуулалт ямар байх зэргийг тогтоож өгсөн байна.

 Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай тогтоолоор Эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг баталж, 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

 Засгийн газрын тогтоолоор баталсан Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн  зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд  эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр хийх ажлыг тодорхой тусгасан байна.

Байнгын төлөөлөгчийг томилох, эгүүлэн татах тухай тогтоолоор Одын Очийг Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилж, томилолтын хугацаа дууссантай холбогдуулан Очирын Энхцэцэгийг Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн тогтоолыг  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт бүрэн эхээр нь нийтэллээ.

“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн редакци

СЭТГЭГДЭЛ БИЧИХ