
Гадаад орныг зорих визнээс ч дутуугүй ховор гэхэд дэгсдэхгүй зүйл бол сайд нарын гэх Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэх эрх. Хуучнаар Зөвлөлтийн эрхмүүд болон сайд, дарга нар хэвтэж эмчлүүлдэг байсан бол одоо цагт ямар нэгэн хэрэгт шалгагдаж, татагдаж буй нөхдийг эмчилдэг газар болж хувирсан бололтой. Ямар ч байсан жирийн иргэдийг эмчилдэг газар хэмээхэд тун хэцүү.
Өнөөдрийн байдлаар экс ерөнхийлөгч Н.Энхбаяр тусгай люкс тасагт нь хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал харьцангуй дээрдэж, нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байгаа хэдий ч түүнийг тойрон хүрээлэгчдийн элдэв арга тасрахгүй бололтой.
Дарга үхлүүт л гэнэ. Хэвлэлийнхэн яваад очиход байдал тийм биш. Энэ нь Н.Энхбаярт ашигтай юу, түүний журмын нөхдөд ашигтай юу. Сайд нарын эмнэлэгт эмчлүүлж буй түүний хувьд иймэрхүү дуулиан дэгдээгээд байх нь хэсэгтээ л баатар болохоо шахсан нэр хүндийг нь шавартай хутгахад ойртоно.
Харин үүгээр дуулиан хийгчдэд л илүү ашигтай бололтой. Хэдхэн өдрийн өмнө нэгэн өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Энэ хэд хоногт О.Цолмон түүний хүүхдүүд л шар махтайгаа хатаж байна, харин бусад нь зүгээр л улстөрийн зорилготой жүжигчид” хэмээжээ. Энэ ч бас өрнөж байгаа үйл явдлуудын үнэн төрхийг харуулсан үгс байж болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ