
Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж буй ажлын тухай хурал Үндэсний мэдээллийн төвд боллоо. Энэхүү ойг зохион байгуулах Улсын комиссыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраар ахалж байгаа аж.
Эх орныхоо түүхийг цэвэр ариун байлгах, байгаль орчноо хамгаалах залуу үеэ эрдэм мэдлэгтэй болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүний нэр алдрыг дуурсгах цээж баримлыг Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд залсан нь 100 насных нь ойд зориулсан ажлын эхлэл болжээ. Мөн Түүхийн хүрээлэнд Б.Ширэндэвийн нэрэмжит дурсгалын кабинетын байгуулсан ажээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, түүхч, эрдэмтэн зохиолч Б.Ширэндэвийн бүтээлээр Монгол Улсын түүх, Монголын Шинжлэх ухааны үүсэл, хөгжил,түүний гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар туурвисан нэгэн сэдэвт, 10 боть ном хэвлүүлсэн байна. Мөн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх долдугаар сарын 3-5-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ