
БОАЖЯ-наас зарласан “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд өнөөдөр Барилгачдын талбайд “Ногоон хот аян-2012” бүх нийтийн байгаль орчны өдөрлөг боллоо. Өдөрлөгийг Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Захирагчийн ажлын алба , Нийслэлийн Байгаль хамгаалах газар хамтран зохион байгуулж байгаа аж. Энэхүү өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, УБ хотын ерөнхий менежер Ч.Бат нар оролцлоо. Маргааш тохиох “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус өдөрлөгт нийслэлийн Байгаль орчны газар, Ойн газар, “Цэцэрлэгжилт” ХХК, “Энгүй их” ХХК, “БД” ХХК зэрэг ой мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж ахуйн нэгжүүд оролцож байгаа аж.
Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар “Маргааш улс орон даяар Мод тарих үндэсний өдөр тохионо. Энэ өдрийг угтан зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт иргэд идвэхитэй хамрагдаж байгаад талархаж байна. Мод тарина гэдэг эх дэлхийдээ зориулсан хамгийн том буян. Хүн бүхэн эх дэлхийдээ зориулж, өөрийн амьдран буй орчиндоо боломж болоцоогоороо мод тарихыг уриалж байна. Мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх нь хүрээлэн буй орчинд тулгамдаад байгаа хөрсний бохирдол, цөлжилтыг бууруулахад нөлөөлж чадна. Монгол Улсын ерөнхийлөгч байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулж, мод тарих өдөртэй болох ажлыг санаачилсанд талархаж байна”.

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүйгээр ой модоо, ногоон байгууламжаа сэргээх боломжгүй. Ногоон байгууламжаа сэргээхгүйгээр ширгэж байгаа гол горхийг аврах, ус мөрөнгийн түвшинг татраахгүй байх ямар ч аргагүй. Тиймээс иргэн бүр ирээдүйнхээ төлөө, үр хойчийнхоо төлөө мод тарихарийн үйлсэд идэвхитэй оролцохыг уриалж байна” гэв.
Энэ үеэр өдөрлөгт оролцогч байгууллагууд, байгаль хамгаалах, мод тарих үйлсэд олон нийтийг уриалах, иргэдэд экологийн боловсрол олгох, мод тарих технологийн зааварчилгаа, зөвлөгөө, сургалт, гарын авлага зэргийг иргэдэд үнэ төлбөргүй түгээж байв. Мөн өдөрлөгт оролцож буй иргэдэд Нийслэлийн байгаль хамгаалах газраас иргэдэд улиас, хайлаасны суулгац, үнэгүй тараасан юм. Иргэд үнэ төлбөргүй суулгац тарааж байгаад ихэд талархаж, идэвхитэйгээр дугаарлан зогсож байсан ч тун удалгүй эмх замбараагүй дайрч, машин дээр зогсож байсан ажилчдын унагах шахам суулгацыг шүүрэн авч байгаа харагдсан. “Монголчууд үнэгүй юманд нугасгүй” гэсэн хошин үг байдаг ч аливаа арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцож байгаа хэн ч гэсэн хотын соёл, хувь хүний хүмүүжил гэдгийг хэзээ ч хаана ч гэсэн мартах учиргүй баймаар санагдсан юм.

Гэрэл зургийг Н.Ариунаа
Сурвалжлагч П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ