Олон улсын сувилагчдын өдөр

img

Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагч нарын баярын өдөр болгосон аж.   Сувилагч хүн гэдэг сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас эхлээд амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз болсон эрхэм мэргэжилтэнгүүд билээ.   Манай улс Олон улсын сувилагчдын өдрийг 1995 онд анх тэмдэглэснээс хойш жил бүр энэ өдрийг сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих үйл ажиллагаа зохиож иржээ.   Энэ онд “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар – 2012” сэдэвт сувилагчдын ажил мэргэжлийн уралдааныг орон даяар үе шаттай зохион байгуулсан байна.  Мөн “Эрүүл мэндийн тусламж, сувилахуйн боловсролын загварчлал” сэдвээр олон улсын бага хурал, Шилдэг сувилахуйн алба, шилдэг сувилагч шалгаруулах “Алтан дэнлүү” арга хэмжээг зохион байгуулжээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ