Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд МУ-ын арслан До.Ганхуяг түрүүллээ
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө боллоо. Барилдаанд у.арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, у.гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, у.заан Д.Рагчаа, Б.Соронзонболд, улсын харцага Т.Мөнгөнцоож, М.Батжаргал, Ө.Бат-Орших, А.Бямбажав, у.начин Т.Өсөх-Ирээдүй, Ж.Отгонбаяр нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Барилдааны хоёрын даваанд улсын харцага М.Батжаргал, у.начин Д.Цогзолдорж, Н.Бүрэнбаатар нарын цолтнууд учраа бөхдөө шороодсон бол гурвын даваанд у.заан Б.Соронзонболд аймгийн начин Гантулгад, улсын харцага А.Бямбажав аймгийн начин Г.Элбэгбаярт тус тус уналаа. Барилдааныг үзэж сонирхохоор Ардчилсан намын дарга Алтанхуяг, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэбат, дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарын зочид төлөөлөгчид бөхийн өргөөний индэрт тухалжээ. Энэ өдрийн барилдааны өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат, Макс группийн бөх аймгийн арслан Б.Сангисүрэнд, уран барилдааны шагналыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат Ээн группийн бөх аймгийн хурц арслан Р.Пүрэвдагвад гардууллаа. Барилдааны тавын даваанд найман бөх үлдсэнээс улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Б.Сангисүрэнг, улсын гарьд И.Доржсамбуу улсын өсөх идэр начин Г.Эрхэмбаярыг, улсын гарьд Н.Ганбаатар улсын начин А.Цацабширыг тус тус амлаж, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва аймгийн начин Э.Элбэгбаяр нар тунасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ