Ч.Цэвээнпүрэв: Амжилттай яваагийн маань нууц нь миний генд байгаа
Мэргэжлийн боксын дэлхийн хоёр удаагийн аварга, “Монголын дайчин” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат тамирчин Чойжилжавын Цэвээнпүрэв тэй ярилцлаа. Тэрбээр Английн нийслэл Лондонд амьдардаг бөгөөд эх орондоо түр хугацаагаар ирээд байгаа юм. Спортын төв ордонд Олимпод оролцох гэж байгаа монголын тамирчидтайгаа уулзахаар ирэх үеэр түүнтэй уулзсан юм.
-Аяны богцоо дэлгээч. Спортын ордондоо ирэх сайхан санагдаж байна уу?
-Тэгэлгүй яахав. Миний анх тамирчин болсон гараа минь энэ заалтай холбоотой. Одоо засвар хийгээд сайхан болсон байна. Манай Олимпод орох тамирчид маань бэлтгэл сургуулилтаа базаагаад хэдийн эхэлчихжээ. Тэдний бэлтгэл сургуулилтыг хийлгэхээр Англи талынхыг нь асуудлыг ярьж тохиролцохоор ирээд байна. Монголын Боксын спортын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах ёстой хүний нэг. Яагаад гэвэл би энэ л багаас төрж гарсан юм.
-Олимпод оролцох тамирчдын Англи улсад очиж хийх бэлтгэлийн асуудлыг ярьж байгаа гэж үү?
-Тийм санал тавьсан байгаа. Би Лондонд амьдарч байгаа болохоор монголдоо ирсэн энэ хугацаанд амрахаас гадна багийнхандаа туслах, хувь нэмрээ оруулах асуудлыг ярилцаж байна.
-Та хамгийн сүүлд оролцсон тэмцээнийхээ талаар сонирхуулаач. Ямар амжилт гаргав?
-Хамгийн сүүлд гуравдугаар сарын 23-нд Английн Лондон хотод WC холбооны Олон улсын мөнгөн бүсний төлөөх тэмцээнд Францын залуу тамирчинг наймдугаар үедээ нокаут буюу хүнд цохилтод оруулж ялсан. Миний амжилт манай Олимпод орж ялах тамирчдын маань ялалтын буухай болж байгаа юм болов уу гэж өөртөө ихэд бэлэгшээсэн шүү. Мөнгөн бүс гэдэг нь WC холбооны олон улсын аварга гэсэн рейтингтэй явдаг. Цаашдаа Дэлхийн аваргын төлөөх тэмцээн маань ойрхон болчихоод байгаа. Одоогоор Дэлхийн болон Британийн холбооны таван бүстэй.
-Оны өмнөхөн таныг гадаадын нэг кинонд тоглох гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Тэр кинонд ямар дүр бүтээх вэ?
-Кинондоо 2013 оны эхээр тоглоно. Одоохондоо бэлтгэл ажил хийгдэж байгаа. Энэ кино маань “Төмөр лам” буюу “Iron monk” нэртэй. Шаолинтай кинонуудад гардаг шиг лам нарын уран хөдөлгөөн, тэсвэр тэвчээр, эрч хүч, эр зоригийг харуулсан кино. Үйл явдал нь өрнөсөөр орчин үетэйгээ нийлдэг юм. Би тэр кинонд зодооны урлагийг төгс эзэмшсэн Рой гэдэг нэртэй харгис монгол залуугийн дүрд тоглоно. Монголын харгис Рой нэрээр алдартай, хүнийг зодож гэмтээдэг дүр байгаа. Одоогоор киноныхоо багийнхантай Шаолины сүмд кинонд гарах зодооны техникийг сурч, хамтарсан бэлтгэлээ хийгээд эхэлсэн. Суралцах хугацаа надад хэрэгтэй гэж үзсэн. Яагаад гэвэл би уг кинонд олон юм ярихгүйгээр биеэрээ үзүүлж, дүр бүтээх учраас бэлтгэл сайтай байх ёстой.
-Кинонд тоглох саналыг яаж авсан бэ?
-Уран бүтээлчидтэйгээ огт санамсаргүй тохиолдлоор таницаж, надад кинонд тоглох санал тавьсан. Киноны продюссер Жейсон Нингао гээд вьетнам залуу байгаа. Нэг удаа бэлтгэлээ хийгээд хачин царайтай нүүр гараа ч угаагүй шахам, үс минь өрвийчихсөн явж байхад тааралдсан. Тэгсэн манай продюссер “Би таньтай нэг гар бариадхая гэж бодсон юм. Би өөрийг чинь хэн гэдгийг мэднэ”. Тэр хүн өөрөө кино жүжигчин, түүний тоглосон кино монголд гарч л байдаг юм билээ. Олны танил биш ч гэсэн нутагтаа бол од л доо. Тэгж анх уулзаад хамт бэлтгэл хийх санал тавьсан юм. Спортын хүмүүс ер нь их хурдан ойртож, танилцаж, нөхөрлөдөг. Өмнө нь нэг удаа миний тэмцээнийг үзсэн юм билээ. Тэгээд л киноны багийнханд таалагдсан гэдэг. Дараа нь хоёр ч удаа мэргэжлийн боксын тэмцээн үзсэн. Бидний харилцаа лавширахын хирээр намайг киноных нь дүрд тохирно гэж үзсэн гэж байсан. Тэгээд кино пробонд орж, шалгуулаад тэнсэн. Ер нь кинонд тоглож болмоор санагдсан.
-Хэдэн оноос анх боксоор хичээллэж, спортын гараагаа эхэлсэн бэ?
-“Шинэ үеийн Монголын мэргэжлийн боксын холбоо”-г багш Г.Оюунболд багштайгаа анх 1992 онд уулзаж, шавь болсон. Ерөнхийдаа гуравхан сар хичээлээд л мэргэжлийн боксын “Тэнгис” клубт харъяалагдсан даа. Анхны тэмцээн маань 1993 оны нэг сард болж, улсын аваргын хүрэл медаль хүртсэнээр миний боксчин болох зам минь эхэлсэн. Өмнө нь би жирийн л нэг төсвийн байгуулагын ажилтан байв. Тодруулбал, Телефон радио ашиглалтын хороонд хэмжүүр, тоо бүртгэлийн тасагт засварчин, 450 төгрөгний цалинтай, тогтмол гүйдлын хэмжүүрээр гэмтэл гарсан эсэхийг томъёгоор тооцдог байлаа. Тухайн үед зурагтаар олон улсын тэмцээн харж байхдаа ерөөсөө л мэргэжлийн боксчин болъё гэж анх шийдсэн. Би ер нь хөдөө хээр явж, уул хадаар их тэнэх дуртай байсан. Тэр л үед жирийн нэг төсвийн байгууллагын ажилтан хэвээр амьдрах нь нэг л болмооргүй санагдаж, арай л өөр маягаар амьдрах ёстой гэж өөртөө хэлдэг байсан. Тэгээд л боксчин болох замыг эргэж буцалгүйгээр сонгосон. Маш их саад бэрхшээл таарч, урт удаан хугацаагаар завдсардах үе ч байсан. Тэмцээний үеэр хөл, гараа хугалж бэртэл авсан маань ч бас их нөлөөлсөн. Сонирхуулахад, одоо Олимпын аваргууд болсон Бадар-ууган, Сэрдамба, Энхзориг цөм надтай хамт бэлтгэл хийж байсан хүүхдүүд. Би эдэндээ өөрийнхөө чадах бүхнээ зааж, дээсний урлаг гэдэг юмыг анх зааж өгч байсан. Дээс бол зүгээр нэг үсрээд байдаг зүйл биш, урлаг. Хүний сонирхолыг татахаар дээс тоглоно гэдэг гайхамшигтай зүйл шүү.
-Олон жил Их Британид амьдарч, тэмцээн уралдааныхаа бэлтгэлийг ч тэр улсад хийж байгаа. Тэмцээнд оролцохдоо аль улсын тамирчин гэж дуудуулж байна вэ?
-Би ерөөсөө иргэншилээ солиогүй. Монгол паспорттайгаа удаан хугацааны визтэгйээр Их Британи улсад ажиллаж, амьдардаг. Харин заримдаа паспортын хугацаа дуусах гээд байдаг талтай. Дараа нь солиулж, олон жилийн виз авна гэдэг нилээн ярвигтай асуудал гардаг.
-Тамирчны замналыг сонгож буй залууст хандаж юу хэлэх үг?
-Хүн гэдэг өөрийн сэтгэлийн дуудлагаар аливаа юманд ханддаг байх ёстой. Одоо манай монголчууд хэлдэг дээ. Дотоод сэтгэл гэж. Тэрнийгээ л хүн сайн мэдрэх ёстой. Хүнийг харж дүгнэж, үг хэл нэмэрлэж, янз бүрээр хэлж болох ч дотор тухайн хүний дотроо бодож буй бодол, хүсэл шиг чухал зүйл үгүй. Тэр дотоод бодол хүний чадах юмыг нь хэлж өгдөг юм. Би дөнгөж хорь гарсан хойноо ямар ч хүний зөвлөгөөгүйгээр л өөртөө итгэсэн. Одоо энэ Монголын Боксын холбооны дасгалжуулагч Н.Мөнхсайхан бид хоёр хамтдаа бэлтгэлээ хийж, олон улсын тэмцээнүүдэд оролцдог байлаа. Нэг жил хичээллээд Финландын олон улсын тэмцээнд оролцож, шилдэг боксчин болж, Оросын тамирчинг ялсан нь надад их урам өгсөн. Би арван жил хичээллэчихвэл бүр илүү сайн тамирчин болох юм байна даа л гэж их боддог байсан. Залуустаа хандаж хэлэхэд аливаа зорьсон зорилгодоо тууштай үнэнч байхыг л захимаар байна даа.
-Боксын спортод насны хязгаарлалт байдаг уу?
-Сонирхогчдын боксын насны хязгаар 34. Мэргэжлийн боксод нас заадаггүй. Тухайн хүн биеэ хэрхэн авч явдаг, дэглэм хэрхэн баримталдаг нь чухал. Миний хувьд Ази, Европдоо хамгийн хөнгөн жинтэй тамирчны тоонд багтдаг. Дэлхий хэмжээнд хамгийн ахмад нь гэж хэлэхгүй ч, миний жинд, хөгшин тамирчин байхгүй. Миний эрч хүч хэзээ унтрана тэр болтол тэмцээндээ оролцсоор байх болно.
-Таны амжилттай сайн, сайхан яваагийн нууц ер нь юу вэ?
- Амжилттай яваагийн маань нууц нь миний генд байгаа. Миний дайчин удмын Монгол хүний ген. Яагаад гэвэл бид монгол генээ дутуу үнэлэх болсон. Монголын залуучууд өөрийгөө дандаа голж, амьдарч байна. Бие биедээ хайргүй, бие биенээ хүндлэхгүй байна. Өөрийгөө хүндлэхгүй байгаагийн илрэл. Харин би өөрийгөө хүндэлж, зорилгодоо үнэнч байсан минь намайг амжилтанд хүргэсэн. Олон улсын тэмцээний үеэр миний өрсөлдөгчид дандаа хорин хэдхэн настай залуучууд байдаг. Би бүгдийг нь хугацаанаас нь өмнө буулгаж авч байна гэдэг нь надад маш их эрч хүч байгаагийн илрэл. Монгол хүнд амжилтын ген бий. Өөрийгөө голоод чамлаад л явах юм бол хэн ч амжилтанд хүрэхгүй. Хүн өнөөдөр байгаа байдалдаа сэтгэл хангалуун амьдрах нь хамгийн чухал. Хүн юуны төлөө амьдардаг вэ? Хүн аз жаргалтай амьдралын төлөө амьдардаг. Аз жаргал гэдэг энэ амьдралын хором бүрт бий. Хүн дандаа аз жаргалтай, баяр бахдалтай явах ёстой. Тэгж чадвал хүний бүх л ажил аяндаа бүтээд ирдэг. Миний энэ л үзэл бодлыг батлах мэт би одоо АНУ-ын эрүүл мэндийн нэгэн шилдэг бүтээгдэхүүний албан ёсны дестрюбитрээр ажиллаж байна. Тэр компани намайг спонсорлодог. Энэ тухайгаа Олимпод оролцож байгаа тамирчиддаа ч дуулгасан. Энэ миний үүрэг. Миний амжилттай явахад нөлөөлсөн тэр компанийнханд ч талархаж явдаг. Миний www.choi.usana.com хаягаар орж, тэр бүтээгдэхүүний талаар мэдэж болно. Бүх спортынхон хэрэглэж болохоор зүгээр л витамины комплекс. Манайхан судсаар витамин хийлдгэдэгтэй адилхан бэлдмэл маягаар уухаар хэрэглэж байгаа гэсэн үг. Миний хурд хүч нэмэгдээд байгаагийн өөр нэг нууц нь энэ. Бурхан надад зориулж, миний эрч хүчийг жаахан нэмээд өг гээд тэр сайн санаат хүмүүсийг илгээсэн гэж боддог. /инээв/
-Та хэр шүтлэгтэй вэ?
-Би шүтлэгтэй. Байгаль эхийгээ, уул усаа өвөг дээдсийнхээ ариун сүнсийг би шүтдэг. Монголын нүүдэлчин ухаан байгальтай салшгүй холбоотой. Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдэг үнэн үг. Амьгүй бүхэн үнэтэй, амьтай бүхэн сүнстэй гэж монголчууд ярьдаг. Уул ус газар дэлхий цөм эзэнтэй. Залуучууд тийм болохоор өөрийнхөө эх орныг, газар шороог хамгаалах сэтгэлтэй байх ёстой. Би хүний газарт олон жил амьдарсан болохоор эх орноо гэсэн сэтгэл минь үргэлж бодогдож, хийж бүтээхдээ ч энэ талаар илүү анхаарч ирсэн.
-Одоо та өөрөө санаачлаад эх орондоо, Улаанбаатартаа зориулаад энийг нэг хийчих юмсан гэж боддог зүйл байгаа юу?
-Байгаа. Би эрүүл мэндийн судалгааны талын мэргэжилтэй хүн. Өвөг дээдсийн маань дунд эмч домч хүн их байсан. Тиймээс ард түмнийхээ эрүүл байхад нь зориулсан товч бөгөөд тодорхой товхимол гаргасан. Эхний ээлжинд олон нийтэзд ойлгомжтой байдлаар ямар хоол идвэл эрүүл мэндэд тустай талаар оруулсан. Мөн өөр дээрээ жишээ авч, 41 настай хүний эрч хүч 20 настай хүнийхтэй адил байгааг харьцуулж бичсэн. Хамгийн гол нь зөв хооллолт, биеийн тамирын дасгал сургуулилт, иогийн дасгал . Энэ талаар маш анхааралтай судалж байж, зөвлөмжиндөө оруулсан. Зөвлөмжүүд маань 25 дугаар телевиз дээр бий. Одоохондоо борлуулалтад гараагүй байгаа. Нэмж хэлэхэд Улаанбаатарт эхний ээлжинд метроны зам, асар гоё дугуйн зам барих хэрэгтэй. Яагаад монголын 20, 30 настай хүмүүс хорт хавдараар өвчилж, амь насаа алдаж байна. Эрүүл мэндийн тогтолцоо, боловсролыг тогтолцоо ямар байгааг л харуулж байна гэж бодож, энэ асуудалд шүүмжлжлтэй ханддаг.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ