Н.Энхбаярын эхнэр УИХ-ын даргад хүсэлт илгээлээ
Үндэсний Аюулгүйн Байдлын Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Танаа
2012 оны 05 сарын 12 Улаанбаатар хот
Хүсэлт гаргах нь
Миний нөхөр Намбарын Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож байна. Та нарт өлсгөлөн зарлах болсон 5 шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн билээ. Та нарын зүгээс энэ 5 шаардлагын хариу болгож өлсгөлөнг албадан зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ шийдвэрийг би гэр бүлийнх нь хувьд дараахь шалтгаанаар эсэргүүцэж байна.
- Олон улсын 1991 онны Мальтын конвенцаар өлсгөлөн зарласан хүнийг албадан хооллохыг хориглосоор байтал Монголын эмч нарыг өвчтөндөө ийм хүндлэлгүй, ёс суртахуунгүй хандахыг тулгаж байгаад эсэргүүцэж байна.
- Хуулийн байгууллагуудын зүгээс удаа дараа хүчирхийлэл, хууль бус ажиллагаанд өртсөн, олон хоногийн хуурай өлсгөлөнд байгаа хүнд дахин хүчирхийлэл, албадлага хэрэглэвэл бие нь хүнд хямралд орж, харвалт өгөх, зүрхний шигдээс болох аюулын магадлал маш өндөр байгааг Танд хариуцлагатай мэдэгдэж байна шүү.
Эмчилгээ ямар нөхцөлд, ямар аргаар явагдахаас шалтгаалж үр дүнгээ өгнө. Эмчилгээг яаралтай хэвийн нөхцөлд хугацаа алдалгүй эхлэх шаардлагатай тул дээрх эрсдлийг тооцож хууль бусаар хорьж байгаа явдлыг нэн даруй зогсоох арга хэмжээ авахыг шаардаж байна.
Шүүгчдийг шүүхийнхээ ёс зүйг эвдүүлж, цагдаа нарыг цагдаагийн байгууллагын ёс зүйг эвдүүлж, хуулийнхныг хуулиа зөрчүүлж, Монголын ард түмний нүдэн дээр ийм харгис балмад явдал болж байхад эзэлж байгаа байр суурь чинь гайхшрал төрүүлж байна.
Хүүхдийнх нь нүдэн дээр ийм хэрцгий байдал гаргаж байхад Танд эцэг хүний хувьд юм бодогдсон уу?
Та УИХ-ын даргын суудлаас “хуулиа дээдлэнэ” гэж хэлж байгаа сонсогдсон. Хууль бусаар хоригдож байгаа, УИХ-ын дарга байсан хүний амь нас нь эрсдэлд орсон байхад хуулийн дагуу суллахгүй байгаа нь хуулийг дээдэлж байгаа хэрэг үү?
“Хуулийг дээдлэнэ” гэдэг үг нь Таны хувьд хэзээ ч хэрэгжихгүй лоозон уу, баримтлах мөрдлөг үү гэдэг нь миний дээрх тавьсан хүсэлтийн хариуд Таны хийх алхамаас харагдана байх.
Н.Энхбаярын гэр бүл: /О.Цолмон/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ