
Циркийн уран нугараач охиныг зодсон гэм буруу нь тогтоогдсон багш Г.Энх-Амгалангийн гомдлыг улсын Дээд шүүх ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцээд таван жилийн хорих ял оноогоод байсан. Харин багш Г.Энх-Амгалан нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч ялыг хэвээр баталсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, 100.1-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэргийн талаар эргэн сануулбал, багш Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан бөгөөд 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байжээ. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ