
Дорнод аймгийн Баяндун сумын I багийн нутагт түймрийн голомтонд ажиллаж Онцгой байдлын хэлтсийн дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлагч С.Бат-Эрдэнэ нар нас барж, ахлах ахлагч Г.Багабиш, дэд ахлагч А.Болорсүх нарын бие түлэгдэн сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэх мэдээлийн дагуу аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Лхагвадоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2012.05.08-ны өдөр Баяндун суманд очиж ажиллажээ.
Тэд түймэр гарсан шалтгаан, нөхцлийг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлд зааснаар /Ой, хээрийн түймэр тавих/ эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
Мөрдөн байцаалтын явцад тус сумын I баг /Түргэн баг/-ийн нутаг дэвсгэрт 2012.05.03-ны өдөр "Багийн найзууд" ХХК-ны уурхайн хариуцлагатай ажилтан Б гэгч нь автомашинтай явж байгаад түр зогсохдоо тамхи татаад тамхины ишний цогийг унтраалгүй хаяснаас болж түймэр гарсан болохыг гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоожээ.
Түймрийн улмаас гурван хүний амь нас хохирч, хоёр хүн түлэгдэж, Баян-уул, Баяндун, Дашбалбар сумын нутаг дэвсгэр, зүүн хойш 50 км гаруй газрын ой хээрийн бүс шатаж, ОХУ-ын хил дамнан их хэмжээний хохирол учирчээ. Түймрийг унтраасан ба хохирлын хэмжээг гүйцэд тооцож гараагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ