Амь үрэгдсэн албан хаагчдаа нутаглуулна
Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн ам гэдэг газарт энэ сарын 3-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийг унтрааж байгаад амь насаа алдсан 3 албан хаагчийг өнөөдөр нутаглуулна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн Онцгой байдлын албаны дэслэгч, 38 настай Ч.Намжилдаш 28 настай Ж.Одбаяр, 28 настай С.Бат-Эрдэнэ нарын ар гэрийнхэнтэй Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав нар энэ сарын 10-ны өдөр очиж уулзсан юм.
Талийгаачдын ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж, эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын эмгэнэлийн бичгийг Шадар сайд М.Энхболд ар гэрийнхэнд нь гардуулан өгсөн байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан онцгой байдлын салбарын албан хаагчдад Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас 5 жилийн цалин, тэтгэмжтэй тэнцэх хэмжээний мөнгө өгснийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ