
Одоогоос сар гаргуйн дараа Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэнэ гэгдэж буй 2012 оны сонгууль болох гэж байна.
Энэ сонгуулийн тоглоомын дүрэм батлагдах гэж багагүй цаг авч, хууль нь “бүдрэн” сонгууль болохгүй гэх таамаг хүртэл гарч байлаа.
Гэтэл удтал дуншсаны эцэст тоглоомын дүрэм бэлэн боллоо. Сонгуулийн хуулиудыг удтал гацаахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй Монгол Улс жилд дөрвөн сонгууль явуулж, үрэлгэн зардал гаргадаг байдлыг зогсоох уу, үгүй юу гэдэг байсан.
УИХ дахь намын бүлгүүдийг удтал талцуулсны үр дүнд бид ирэх сарын 28-нд 17.3 тэрбум төгрөгөөр 2012-2016 онд парламент, нийслэл хотынхоо эрх барих байгууллагын төлөөлөгчдийг сонгох гэж байна.
Энэ мөнгийг 1990-ээд оны дунд үеийн улсын нэг жилийн төсөвтэй харьцуулахад даруй 4-5 дахин их мөнгө. Дээрх үзүүлэлтээс харахад, төрийн эрх барих байгууллагыг сонгох сонгуулиа ийм өндөр зардлаар явуулдаг болсон Монгол Улсын иргэдийн амьжиргаа өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 4-5 дахин өссөн байх зүй ёсны шаардлага гарч ирнэ.
Гэтэл энэ бүх зардлыг халааснаасаа гаргаж өгч буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дөнгөж хоёр дахин нэмэгдсэн байх юм.
Энэ бүхнийг учир мэдэх хүмүүс өнгөрсөн хугацаанд өөрсдийн халааснаасаа даруй 4-5 дахин их хэмжээний мөнгө гарган сайн сонголт хийхийг хүссэн иргэд төлсөн мөнгөнөөсөө даруй 2-3 дахин бага сэтгэл ханамж, үйлчилгээ авч байна гэсэн дүгнэлтийг өгч байна.
Ирэх сонгуулийн нэгхэн өдөрт зориулан татвар төлөгчид бид халааснаасаа 17.3 тэрбумыг гаргаад, ирэх дөрвөн жилд хэдийг олох бол.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ