
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зургадугаар зүйлд "Сонгууль болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө гадаадад суугаа иргэдийн саналыг авна" гэж заасан. Үүний дагуу зургадугаар сарын 10-ны өдөр гадаадад оршин суугаа иргэдийнхээ саналыг авахаар болсон. Өнгөрөгч сарын 20-ны өдөр хуралдсан Сонгуулийн ерөнхий хорооноос журам болгон гаргасан юм.
Гадаадад оршин суугаа иргэдийнхээ саналыг анх удаа авч байгаа учир СЕХ болон Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар зохион байгуулах комиссыг байгуулжээ.
Уг комиссыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг ахалж байгаа юм байна. Тус комисст нийт 39 дипломат төлөөлөгчийн газар хамаарч байгаа бөгөөд тус бүртээ салбар комисстой байх юм байна.
Иргэдийн хувьд энэ сарын 11-30-ны өдрүүдэд амьдарч буй улсынхаа Элчин сайдын яаманд хандаж, бүртгэлээ хийлгэн, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлэх ёстой.
Ингэхдээ иргэний үнэмлэх болон гадаад паспортоо авч ирэхээс гадна эдгээрийн хуулбарыг заавал авч очих шаардлагатай гэнэ. Энэ бүртгэлд хамрагдаагүй иргэн сонгох эрхээ эдэлж чадахгүйд хүрэх юм байна.
Дээрх бүртгэлийг дууссаны дараа цахим хуудсанд байрлуулах тул иргэд сонгууль болтол өөрийгөө сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг хянах боломжтой байх гэнэ.
Энэ удаагийн сонгууль 48 мажоритар, 28 пропорциональ системээр явагдана. Гэсэн ч гадаадад байгаа иргэдийн хувьд мажоритараар өгөх боломж байхгүй тул зөвхөн 28 пропорциональ буюу намыг л дугуйлах тухай хуульчилсан. Тиймээс сонгууль болохоос өмнө энэ талаарх мэдээллийг хилийн чанадад оршин суугаа иргэдэд өгөх зорилгоор бүсчилсэн байдлаар сургалт явуулахаар болжээ. Ингэхдээ Вашингтон, Бангког, Бээжин гэх мэт арван газарт тус бүр хоёр хүнийг илгээн сонгогчид болон тусгай комиссын ажилтнуудад зааварчилгаа өгөх юм байна.
Санал өгөх үеийн процессын хувьд зургадугаар сарын 10-ны өдрийн өглөөний 07 цагаас оройн 20 цаг хүртэл саналаа өгнө. Ингэхдээ өөрийн биеэр болон эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан сонгох эрхээ эдлэх бөгөөд цахим хэлбэрээр санал өгөх асуудал байхгүй юм байна. Дашрамд хэлэхэд, зөвшөөрөлгүй буюу хараар ажиллаж байгаа иргэд ч сонгуульдаа оролцох эрх нь нээлттэй байх юм.
Иргэд саналаа өгөхдөө зөвхөн нэг намын өмнөх дугуйг будна. Уг хуудсаа лац бүхий тусгайлан бэлтгэсэн дугтуйд давхар хийсний дараа хайрцагт хийх аж. Энэ нь гадаадад суугаа иргэдийн саналаа өгөх нэг онцлог ажээ. Учир нь дээрх иргэдийн саналыг улсын хэмжээнд сонгууль болох өдөр буюу зургадугаар сарын 28-ны өдөр нэгдсэн байдлаар тоолох тул нууцлал алдагдахгүй байх үүднээс ийн давхар дугтуйд хийх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ