
БОАЖЯ-ны хурлын танхимд 11.00 цагт “Монгол Улсад ирэх жуулчдад хилийн боомтууд дээр виз олгох тухай” асуудлыг хэлэлцэх уулзалт болно. Уулзалтад Гадаад харилцааны яамны Консулын газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Аялал жуулчлалын үндэсний төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Үндэсний аялал жуулчлалын байгууллага, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Аялал жуулчлалын сургалт, судалгааны төв, Чингис хаан олон улсын нисэх буудлын захиргаа, МИАТ ХК, бусад олон улсын нислэг үйлддэг компани (Монголиан Айрлайнес, Чингис айрвэйз)-иудын төлөөлөл, Жуулчны томоохон компаниуд оролцоно.
Энэ үеэр Монголд ирэх япон жуулчдын тоо, урсгалыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жуулчдад хилийн боомтууд дээрээс виз олгох асуудлыг шийдвэрлэх, энэ асуудлыг хариуцан зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сонгох, визийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчлэх хүрээг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
2010 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс Япон улсын иргэд 30 хоног хүртэл хугацаанд визгүй зорчих болсноор 2011 он гэхэд Япон жуулчдын тоо 30 орчим хувиар нэмэгдсэн аж. Түүнчлэн Мянганы хөгжлийн бодлогоор Монголд ирэх жуулчдын тоог 2015 он гэхэд 1 сая, 2021 он гэхэд хүн амын тоотой тэнцэхүйц болгохоор төлөвлөсөн аж. Иймд япон жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жуулчны улирал эхэлж буй энэ үеийг тохиолдуулан энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ