Гэр бүлийн өдөр

img

Дэлхий даяараа энэ өдөр “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.  1989 оноос анх тэмдэглэж эхэлсэн эл баярыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1994 оны тавдугаар сарын 15-нд “Гэр бүлийн өдөр” болгох тогтоолыг баталсан байна. “Гэр бүлийн өдөр”-ийг бий болгосноор НҮБ-аас нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэд олон түмний анхаарлыг хандуулах болжээ.   “Гэр бүлийн өдрийг тэмдэглэхдээ жил бүр өөр өөр сэдэв сонгодог. Жишээ нь 2005 онд гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэхдээ “Гэр бүлийн амьдралд ДОХ, ХДХВ-ын нөлөө”, 2007 онд “Гэр бүл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэдэг сэдвээр арга хэмжээ зохион байгуулжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүр сонгосон сэдвийн дагуу илгээлт гаргадаг байна.   Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “СОС” хүүхдийн хотхонд гэр бүлийн сэдэвт ажлыг зохион байгуулж байна. Тус хотхон дэлхийн 133 оронд 2000 гаруй салбараар дамжуулан хүүхдийг гэр бүлийн халуун дулаан орчинд өсгөн бойжуулдаг 63 жилийн түүхтэй “Киндердорф интернэйшнл” хэмээх том гэр бүлийн нэг гишүүн юм. “СОС” хүүхдийн хотхоны гэр бүлд суурилсан үйлчилгээ нь хүүхдүүдэд ээжтэйгээ, ах эгчтэйгээ нэг гэр бүл болон амьдрах боломжийг бүрдүүлдэг. Тиймээс хүүхдүүд бусад гэр бүлийн нэгэн адил аз жаргалтай гэр бүлийн эрхэм чанарыг бий болгож хэзээ ч мартагдашгүй тэр л мөчүүдийг мэдэрч өсдөг аж.   Гэр бүл гэдэг хүний амьдралын хамгийн аз жаргалтай, сайн сайхныг дэлгэрүүлэгч орчин байх ёстой. Тиймээс энэ өдөр хүн бүр гэр бүлтэйгээ дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.   Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ