Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний зохицуулах товчооныхон уулзалдав

img

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн /ЭҮНХ/- ий зохицуулах товчооны Сайд нарын уулзалт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл Шейх хотноо болжээ. Уулзалтад тус хөдөлгөөний гишүүн 120 орны төлөөлөгчид оролцож, “Шарм Эл Шейхийн Төгсгөлийн баримт бичиг”, Африкийн үндэсний конгрессийн 50 жилийн ойн Тунхаглал, Палестиний улс төрийн хоригдлуудын тухай Тунхаглалыг баталж гаргасан байна. Уулзалтын ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Сири дахь өнөөгийн байдал, Нагорный Карабахын асуудлаар холбогдох талуудын хооронд нэлээд ширүүн маргаан, мэтгэлцээн болсон байна. Энэхүү уулзалтад манай улсаас ГХЯ-ны ОУБГ-ын захирал С.Онон тэргүүтэй төлөөлөгчид оролцoж,  ЭҮНХ-ий үйл ажиллагааг эрчимжүүлэх, түүнийг хөгжиж буй орнуудын улс төр, аюулгүй байдлын нийтлэг эрх ашгийг тууштай хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдэх , Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн байдал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа, нүүдэлчдийн соёл иргэншлийг хамгаалах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. ЭҮНХ-ий Төр, засгийн тэргүүн нарын дараагийн 16 дугаар дээд хэмжээний уулзалт энэ оны наймдугаар сарын 26-31-нд Тегеран хотноо болох аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ