
УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна.
Уг хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүдийн дунд багагүй маргаан үүсгээд байсан уг хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд нэгдсэн байр сууринд хүрлээ. Тус байнгын хороодын хуралдаанаар гадаадын төрийн өмчит компани Монголын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид нэг хувийн ч бай хөрөнгө оруулалт оруулсан ч манай улсын УИХ, Засгийн газраас зөвшөөрөл авахаар томъёоллоо.
Мөн гадаадын аж ахуйн нэгж манай улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 3/1-ээс дээш буюу 49-өөс доош хувьд хөрөнгө оруулалт хийвэл Засгийн газраас, 49-өөс дээш хувьд хөрөнгө оруулалт хийвэл Засгийн газраас өргөн барьснаар УИХ-аас зөвшөөрөл авахаар хуулийн төсөлд тусгасан юм. Энэ талаар гишүүдийн зүгээс дараахь асуултыг асууж, төсөл санаачлагчдаас хариулт авч байлаа.
Р.Раш: Энэ хувь хэмжээг тогтоохдоо хувьчилж, мөнгөн дүнгээр илэрхийлэхийн оронд уул уурхайн аж ахуйн нэгжийн хувьд нөөцийн хэмжээгээр нь тогтоож болохгүй юм уу?
Р.Гончигдорж: Нөөцөөр нь талуудын оролцоог тогтоох гэхээр ирээдүйгээсээ зээлэх энэ тэр гэсэн томъёолол орж ирж, асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулсан. Тиймээс ийм байдлаар хувь хэмжээг томъёолж оруулж ирсэн.
С.Бямбацогт: Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аливаа аж ахуйн нэгжийн 25-аас дээш хувийг гадаадын иргэн эзэмшдэг бол манай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж нэрлэдэг. Харин дотоодын аж ахуйн нэгжийгээ Монгол Улсын иргэн үүсгэн, нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа тухайн иргэний 50-иас дээш хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг хэлдэг. Тэгэхээр 25-50-ын хооронд үлдсэн аж ахуйн нэгжийг аль хэсэгт нь хамруулж үзэх юм бэ.
Н.Энхболд: Одоогоор манайд ямартай ч гадаад, дотоодын аж ахуйн нэгжийгээ тодорхойлох тодорхойлолтууд байгаа. Завсрын тэдгээр аж ахуйн нэгжийн асуудлыг томъёолох шаардлага гарвал дараа нь авч үзье.
Энэ мэтчилэнгээр санал хураалт явж, гишүүдийн зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ