
Монголчууд хэдий цөөхөн ч найман зууны тэртээ морин дэл дээр дэлхийн талыг эзэлж, мориноосоо буугаад Монголын эзэнт гүрнийг байгуулж явсан түүх бий. Харин ХХ зууны эхэнд сая хүрэхгүй хүн амтай байхад их зохиолч Д.Нацагдорж “Монголын үрс маш олон болтугай” хэмээн найргийн ерөөл тавьж байсан. Одоо бид төв Азийн цээжинд 2,7 саяулаа. Энэ бол 2010 онд улс орон даяар явагдсан хүн ам, орон сууцны тооллогын дүн юм.
Ер нь манай улсын статистикийн байгууллагаас хүн амынхаа хэтийн тооцоог 1963 оноос хойш тооллого бүрийн дараа хийж, түүнийг нийгэм, эдийн засгийн төлөвлөлтөд ашигласаар иржээ. Саяхан Үндэсний статистикийн хороо хүн амын 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоог хүн ам, орон сууцны дээрх тооллогын дүнд үндэслэн бүрэлдэхүүний аргаар хийсэн юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хүн ам (гадаадад зургаа, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугчид орсон тоо), Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хүн амын тоо гэсэн хоёр чиглэлээр гаргасан байна. Тэгэхдээ төрөлтийн чиг хандлагаар гурван хувилбараар тооцсон нь өмнөх тооцоонуудаас онцлог болжээ.
Аливаа улсын хүн амын хэтийн тооцоо нь статистикийн мэдээллийн нэг хэлбэр бөгөөд хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн болон хүн ам зүйн бусад үзэгдлүүд, хүн амын тоо хэмжээ, нас, хүйсийн бүтэц, байршлын талаархи ирээдүйн төлөв, байдлыг урьдчилан таамагласан тооцоолол юм. Энэхүү тооцооллыг нийгэм, эдийн засгийн болон хүн ам зүйн бодлого хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор хийдэг. Ингэснээр ирээдүйн хүн амын үзэгдлүүдийг тооцоолсноор ажиллах хүчний хэрэгцээ, хүн амын ундны болон бохир усны төвлөрсөн сүлжээ, нийгмийн халамж үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хэмжээ, орон сууц, сургууль, эмнэлэг, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг бүхий л салбарын цаашдын эрэлт, хэрэгцээг тодорхойлох чухал ач холбогдолтой.
Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хүн амын тоонд үндэслэсэн тооцоогоор төрөлтийн аажим, дундаж, хурдацтай бууралттай хэмээн гурван хувилбараар авч үзвэл 2017 он гэхэд гурван саяд хүрэх юм байна. Цаашид 2040 он хүртэл тооцоолбол наад зах нь 3,7 сая хүн амтай болох нь ээ. Мөн хүн амыг гадаадад зургаа, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа иргэдийн тоог оруулан тооцох юм бол гурван жилийн дараа гурван сая болж, 2040 он гэхэд төрөлтийн дундаж бууралттай хувилбараар 3,9 саяд хүрэх юм байна. Үүнийг дараахь хүснэгтээс харж болно.
Хүснэгт 1. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хүн амын тоо, тооцооллын 3 хувилбараар
Хүснэгт 2. Монгол Улсын хүн амын тоо, тооцооллын 3 хувилбараар

Харин хүн амын нас, хүйсийн суварга бол тэдний нас, хүйсийн бүтэц ямар байгааг хамтад нь харуулж болох энгийн арга юм.
Х.Ариун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ