Өргөсөн тангарагтаа үнэнч залуус
Хаврын хавсаргатай жихүүн өдөр их түймэр улаан хэлээрээ тааралдсан болгоноо хуйхалж байлаа. Энэ бол тавдугаар сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам гэдэг газарт болсон эмгэнэлт явдал.
Эх орон шатаж байсан тэр цагт өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагч гурван залуу аюулын эсрэг алтан амиа өргөлөө.
Дорнод аймгийн Онцгой байдлын албаны дэслэгч 38 настай Ч.Намжилдаш албандаа 16 жил тасралтгүй зүтгэсэн бол түүнтэй мөр зэрэгцэн найман жил алба хаасан 28 настай Ж.Одбаяр, тус аймгийн Эрэн хайх аврах салбарын аврагчаар долоон жил ажилласан ахлах ахлагч 28 настай С.Батбаяр нарын орон зай өнөөдөр Онцгой байдлын албаны алдрын замналыг мөнхөд дүүргэжээ.
Энэ эрэлхэг хөвгүүдээс гадна хоёр аврагч түймрийн галд түлэгдэж, эрүүл мэндийн хувьд хохироод байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тэр өдөр түймэр унтраахаар ажиллаж байх үед салхины чиг гэнэт өөрчлөгдөн эргэж, тэднийг эрчилсэн галын дөл нөмрөн авсан байна.
Гай гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг зуурдын жамаар хорвоог орхисон ч ард үлдсэн мянга мянган албан хаагчдад дахин ийм гашуун түүх давтагдахгүй гэх баталгаагүй.
Хөх тэнгэртээ хальсан хөвгүүдээ эх орон нь өчигдөр газар ээжийдээ өлгийдөн нутаглууллаа. Тэд ижий аавын хүсэн хүлээдэг хүү нь байв. Тэднийг эцсийн замд нь үдэхэд хайрт хүү минь, сайхан аав минь, өмөг түшиг хань минь хэмээн дотроо бэтгэрэн зогсох хань, үр хүүхдүүдийг нь хараад олон хүний өр нь өмөрч, сэтгэл сэмэрсэн билээ.
Их найрагчийн хэлснээр чиний төлөө үхье гэж чин амрагтаа хэлж үзээгүй үгээ эх орондоо хэлсэн ахлах ахлагч Г.Багабиш, дэд ахлагч А.Болорсүх нарын гавьяаг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Халуун галын өөдөөс амь өрсөн тэмцсэн тэд өнөөдөр хүнд зэргийн түлэгдэлтэй Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Тэдний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.
Харамсалтай нь ийм үйл явдал анхных байсангүй. Баримт сөхвөл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ХХЕГ-ын 253 дугаар ангийн 8220 дугаартай МИ-8 нисдэг тэрэг ОБЕГ-ын Онцгой үеийн шуурхай удирдлагын газрын дарга, комиссар Д.Батбаатар, 15 гал сөнөөгч , нисэх багийн гурван гишүүн яваад эргэж ирээгүй. Дахин ийм эмгэнэлт түүх битгий болоосой гэж тухайн үед хүн бүхэн хүсч байсан. Энд хэн нэгэнд буруу тохох гэсэндээ энэхүү зүйлийг тэрлэсэнгүй. Харин өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчийн журамт үүргийг онцлох гэсэн билээ.
Төр түмнийнхээ төлөө амь өргөсөн олон арван албан хаагчдийг эх орон нь эгэл олон нь нэг нэхэн санаасай гэж хүслээ. Сэтгэл зүрхний гашуун зовлонг хэн ч үүрэхгүй гагцхүү ар гэрийнхэн нь насаараа сэтгэлдээ гунигтай нулимстай үлдэнэ, амьдарна. Хэнэггүй нэгэн тамхичны гайгаар тэд албан үүргээ гүйцэтгэж яваад амь алдлаа. Төр, түмэн олон мартахгүй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ