
Япон дахь Монголын Ардын урлагийн Холбооны тэргүүн, лимбэчин Махвалын Лхагвагэрэл энэ сарын 13-нд Осака хотноо морин хуурч СТА Р. Амарбаяртай хамтарч тайлан тоглолтоо хийлээ. Мөн урьд нь бие даасан хэд хэдэн тоглолтоо хийж байсан бөгөөд энэ оны гурван сард мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ хамтран цунамигийн гамшигт өртөгсдөд зориулан хандивын тоглолт хийж байсан юм.
Монголын болон Хятадын хөгжмийн зохиолчдын бүтээл болон сонгодог зохиол болон Ардын Жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Лимбэ төгөлдөр хуурын концерт”, “Цагаан суварга” мөн залуу зохиолч Х.Алтангэрэлийн “Лимбэ симфони найрал хөгжмийн концерт” зэрэг олон төрлийн лимбэ болон багцалсан лимбэнд зориулж бичигдсэн зохиолууд тоглож, үзэгчдийг баясгав. Япон үзэгчид тал нутгийн үзэсгэлэнт байгаль, монгол хүний уужуу тайван сэтгэл, нүүдэлчин монгол хүний амьдралыг морин хуур, лимбийн хөг аялгуугаар дамжин мэдэрлээ гэж ярьж байлаа.

Японы Осакагаас Х.Эрдэнэцэцэг мэдээллээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ