“Эх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэг. Тиймдээ ч өөрийн түүх, соёлын үнэт өвийг хэрхэн хадгалж хамгаалж, өвлүүлж чадаж байгаагаар нь тухайн улс орны хөгжлийг тодорхойлдог гэдэг. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяа Соёлын өвийн төвийн Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах хэлтсийн дарга С.Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр ажлынхаа өрөөнд түүхийн нэгэн олвдорыг сэргээн засварлаж суусан юм.
-Соёлын өвийг сэргээн засварлахад багагүй хугацаа зарцуулдаг бололтой?
-Үзмэрээсээ шалтгаалж, тухайн олдворын гэмтэл бохирдол, хадгалалт зэргийг харгалзан сэргээн засварлах хугацаа янз бүр байна. Зарим нь хялбар гайгүй анхны дүр төрхөндөө ортол сэргээн засварлах боломжтой. Зарим нь маш хүнд, засагдах боломжгүй олдвор байна. Тэр тохиолдолд тэр чигээр нь орхиж, хадгалалт хамгаалалтад авахаас өөр аргагүй үе тохиолддог. Цаг хугацааны хувьд харилцан адилгүй. Манай ажил улирлын чанартай. Ялангуяа орон нутагт хөшөө дурсгалыг судлах, шинэчлэх ажлыг дулааны улиралд л хийдэг. Дулааны улирлыг тааруулаад хоёр гурван жил явсан ажил ч байна, хэдхэн хоногийн дотор амжуулчих ч тохиолдол байна.
-Сэргээн засварлах үндэсний төвд ажиллаад удаж байна уу?
-1995 онд Соёлын өвийн төв маань Дүрслэх урлагийн дээд сургуультай гэрээ хийж, дотооддоо сэргээн засварлагч бэлтгэх болоод арав гаруй хүүхэд элсүүлсэн. 1995-2000 онд ерөнхий зургийн талын бүх хичээл, сэргээн засварлах техникийн дадлагаа хийж, 2000 онд зургаан хүүхэд төгсөөд одоог хүртэл энэ байгууллагадаа ажиллаж байна.
-Түүх дурсгалын соёлын өвийг сэргээн засварлах, түүний ач холбогдол?
-Ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Мартагдсан, орхигдсон, үзэгчдийн хүртээл болох боломжгүй соёлын өвийг дахин амилуулж, олон нийтэд дэлгэн үзүүлнэ гэдэг нь түүхэн талаасаа маш чухал. Соёлын өв гэдэг чинь өөрөө тухайн улс орны түүхийн цаг хугацааны бодит гэрч.
-Хамгийн удаан хугацаа зарцуулан олборлосон олдвор юу байв?
-2008 онд Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн Япон-Монгол түүх судлалын хүрээлэнтэй хамтраад археологийн судалгаа хийсэн. Энэ үеэр Төв аймгийн Заамар сумын Шороон Бумбагар гэдэг газраас Түрэгийн үеийн бунхант булшийг олоход их хугацаа зарцуулсан даа. Уг олдвор тэр чигтээ газрын хөрсөн доор ихэнх нь шавраараа, олон тооны барималуудтай байсан. Мөн өнгөрсөн жил Баяннуураас гарсан Түрэгийн үеийн олдвор байна. Энэ оны нэгдүгээр улиралд эхний хэсгийн олдворыг гаргалаа. Гэхдээ Заамар сумын олдворыг бодвол харьцангүй гайгүй хадгалагдсан. Ер нь тухайн археологийн олдворууд хэр гэмтэлтэй гэдгээсээ шалтгаалж зарцуулах хугацаа янз бүр байна даа.
-Олдворуудын түүхийн судалгааг та бүхэн өөрсдөө хийдэг үү?
-Тухайн олдворын материалын судалгааг хийх, түүхийн цаг үеийг тооцох ажлыг манайх өөрсдөө хийх боломжгүй. Харин бусад бунхант олдворуудтай харьцуулсан маягаар цаг хугацааг тогтоодог.
-Хөдөө орон нутагт иргэдийн болон уул уурхайн компаниудын хайхрамжгүй байдал, хувь хүмүүсийн санаатай үйлдлээс болж, түүх дурсгалын соёлын өв гэмтэх, алдагдах, устаж үгүй болох асуудал гарч байна гэдэг дээ. Орон нутагт ажиллаж байхад ийм асуудал хэр их таардаг вэ?
-Тааралгүй яахав. Ер нь энэ асуудал олон жил яригдаж байгаа. Монголчууд хүн ам цөөтэй, газар нутаг нь өргөн уудам. Тэр хирээр хүн ам нь сийрэг. Гэтэл манай соёлын өв, үл хөдлөх дурсгалууд цөм эзгүй хээр байрладаг. Орон нутаг нь хараа хяналт тавих эрх бүхий үүрэг нь байдаг. Гэвч бүрэн дүүрэн хяналт тавих эдийн засгийн болоод хүн хүчний хувьд боломжгүй учраас сөрөг үр дагаврууд гарч байгаа. Уул уурхайн компаниуд ч талбайн судалгаа хийдэг эсэх нь тодорхой бус. Мөн булш тонодог хүмүүс булш бунхан ухаж, төнхөж, тоноод орхисон тохиолдол цөөнгүй.
-Тэр үед сэтгэл эмзэглэмээр санагддаг уу?
-Тэгэлгүй яахав. Юу ч үгүй эвдээд байгууламжийг нь устгаад орхисоныг хараад ямар сайхан дурсгал байсан бол гэж бодоход харамсалтай санагддаг.
-Яг тийм тоногдсон бунхантай хаана таарч байсан бэ?
-Бид сүүлийн хэдэн жил Япончуудтай археологийн олдвор хайх ажилд хамтарч байна. 2009 оны наймдугаар сард Хэнтий аймгийн Баянхутаг суманд “Сэрүүн хаалганы дурсгал”-ын судалгааны ажилд явж, ажлаасаа буухад зүгээр байсан. 2010 оны найман сард эргээд очиход яг тэр бунхныг ухаж төнхөөд, тоночихсон байсан. Орон нутгийн оршин суугчид өвөлжөө бууц нь хол байдаг “хавар л ийм болж” гэсэн хариулт л өгсөн. Яг газар дээр нь тэдгээр тоносон хүмүүсийг бариагүй цагт эзэнгүй хэрэг болоод үлдэнэ.
-Монгол улсын газар нутгийн яг хаана нь түүхийн өв соёлын дурсгал байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс энэ мэт халдлагаас сэргийлэх, улсын хараа хяналтад оруулахад ямар арга хэмжээ аваасай гэж боддог вэ?
-Хууль эрх зүйн орчноо л боловсронгуй болгож, орон нутагт нь өв соёлоо хадгалж хамгаалах эрх мэдлийг нь өндөрсгөж, тодорхой хэмжээгээр эдийн засгийнх нь чадамжийг нь нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэхгүйгээр нэг аймгийн хоёр гурван түүхий өв соёлын мэргэжилтэн тэр том нутаг дэвсгэрт байгаа олдворуудыг анхааралдаа авч, хараа хяналт тавиад байх боломжгүй. Тэрнээс биш дээд удирдлагууд анхаарал санамж өгч, орон нутаг дахь олдворыг хадгалж хамгаална гэдэг худлаа. Орон нутгаас илүүтэй тухайн олдвор бүхий газар нутагт амьдарч байгаа иргэдтэй нь гэрээ хийж, тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгох талаар илүү анхаарах ёстой. Энэ асуудлыг зөв оновчтой шийдвэрлэж, харуул хамгаалалтыг нь сайжруулаагүй цагт энэ асуудал цаашид үргэлжилсээр байна.
-Монгол улсын газрын дор маш их олдворууд бий гэдэг дээ?
-Социализмын үед тодорхой хэмжээний экспедиц ажиллаж, эрэл хайгуул, судалгааны ажил хийгдэж байсан. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл гадаад дотоодын хамтарсан олон төрлийн судалгаа хийгдэж байгаа. Гэхдээ улсын хэмжээнд өнөөг хүртэл нийт булш бунхан, түүхийн олдвор хөшөө дурсгалын нарийвчилсан тоо баримт нэг ч байхгүй. Нэг аймгийн нутгаар нарийвчилсан судалгаа хийхэд 2-3 сарыг зарцуулдаг. Бид одоогоор зүүн бүсийн аймгуудыг бүсчилсэн байдлаар бүртгэл хийсэн. Энэ оны төвийн бүсийн бүртгэлийн ажлыг Төв аймгаас удахгүй эхэлнэ. 2014 он гэхэд Монгол орны нийт түүх дурсгал, соёлын өвийн бүртгэлийг хийж дуусгана.
-Нэгдсэн бүртгэл хийх хугацаанд соёлын өв алдагдах нь үргэлжилсээр л байх юм байна. Тийм үү?
-Хараа хяналт хамгаалалтын нөхцлийг шийдэхгүй л бол тэр асуудал ойлгомжтой. Нэг газартаа өвөлждөг хаварждаг айл өрхүүд байна. Хүн огт хүн нутагладаггүй газрууд ч бий. Тийм болохоор хэн хаана юу хийж байгааг мэдэх аргагүй.
-Зарим айл өрхүүд малын хашаа саравч, өвөлжөөндөө түүхийн өв болох хүн чулууг ашигладаг гэж дуулдсан. Одоо ч хэвээрээ юу?
-Тиймэрхүү асуудал байдаг ч одоо бол харьцангүй багассан. Социализмын үед малын хашаа, байшингийн суурь хийх, нурсан сүм хийдийн тоосгыг авч барилга байшиндаа авч ашиглах асуудал нилээдгүй байсан.
-Төрийн хүн гэдгийг та юу гэж ойлгодог вэ. Та ч мөн адил төрийн хүн?
-Нэгэнт л төрийн байгууллагад ажиллаж, энэ ажлыг сонгосон бол амьдралынхаа тодорхой хугацааг зориулж, үнэн сэтгэлээсээ ажиллах ёстой юм болов уу. Миний энэ байгууллагад ажиллаж, хөдөлмөрлөж түүх дурсгалын соёлын өвийг сэргээж байгаа нь түүхийн нэгэн зурвасхан л үе. Энэ үед өөрийнхөө нөөц бололцоог ашиглаж, аль болохоор үр өгөөжтэй олон дурсгалыг хадгалж хамгаалах юмсан л гэж боддог. Тэрнээс биш өнөөдөр нэг ажил эхэлж, маргааш өөр юм бодоод явбал ажлын үр дүн гарахгүй, зүрх сэтгэлээ зориулж ч чадахгүй. Тийм болохоор төрийн хүн гэдэг өөрийн ажлаа хоёргүй сэтгэлээр л хийж гүйцэтгэх ёстой гэж миний хувьд боддог. Өндөр цалин авч, амьдрал ахуйгаа дээшлүүлэх талаар бодолгүй л яахав. Тийм сонголт ч гарч ирдэг. Гэхдээ тэр болгонд хувирч, бодлоо өөрчилж байсангүй. Одоо бол ажилдаа дэндүү дурласан болохоор элдэв асуудалд сэтгэл зовнидоггүй. Заримдаа бүр бушуухан ажилдаа ирэх юмсан гэж яарч догдлох үе ч байдаг. Бушуухан эхлүүлсэн ажлаа дуусгачих юмсан тэгвэл тэр олдвор маань бэлэн болно доо гэж бодож яарна.
-Өнөөгийн нийгмийн амьдралд тулгамдсан зөндөө асуудал бий. Гэхдээ яг энэ асуудлыг ингээд шийдчихвэл монголын амьдрал сайхан болно доо гэсэн бодлоосоо хуваалцаач?
-1990-ээд онд амьдрал ямар байлаа. Одоо ямар байна. Ингээд бодохоор монголын амьдрал хамаагүй дээшилсэн. Гэхдээ 2 сая 700 мянган хүн гэдэг нь үнэндээ томоохон улсын нэг хотын л иргэд. Боломж бололцоо монгол улсад хангалттай бий. Тийм болохоор манай төр түшилцэж байгаа эрхмүүд эх орноо гэсэн сэтгэлээр ажилдаа хандвал монголын амьдрал ойрмогхон хугацаанд сайхан болох боломж байгаа гэж боддог. Гэтэл 20-30 жилийн дараа сайхан болно гэж яриад байгаа нь харамсалтай санагддаг. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Төрд байгаа эрхмүүдийг ч, биднийг ч адил. Тийм болохоор эх орноо гэсэн сэтгэл дутдагт жаахан сэтгэл дундуур л байдаг. Гэхдээ цаашдаа монгол улс сайн сайхан болно гэдэгт итгэж явдаг шүү.
-Таны ажлаа хийж байгааг харж зогсоход хэт улайраад цаг хугацааг ч мартдаг бололтой?
-Анх би сэргээн засварлагч болно гэж бодож байгаагүй. Багаасаа л зураг зурсан болохоор зураач болно гэж бодож явсан. Одоо бол үнэхээр зөв мэргэжил сонгож гэж боддог, ажилдаа ч дуртай.
Ер нь хүн дуртай сонирхолтой ажилдаа ямар ч саад бэрхшээл гарсан тэрнийхээ төлөө цаг хугацаа зарцуулж, сэтгэлийн таашаал авч явдаг. Би ч мөн тийм л хүн. Цаг зав гарвал зургаа зураад суучихна, үгүй бол засварынхаа ажлыг хийх дуртай. Зарим үед бас хүнд л дээ. Элдэв төрлийн химийн бодис нь үнэр танар ихтэй болохоор толгой өвдөнө. Гэхдээ ажлаа хийгээд явах маань л сайхан шүү дээ.
-
Цалин хэр авдаг вэ?
-Цалин мөнгөний хувьд манайхан тааруухан талдаа шүү дээ. Соёлын байгууллагынханы цалин ерөнхийдөө л бүгд адилхан. Анх би 1998 онд энэ ажилд ороход 16 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Одоо нэмэгдээд 400 мянган гаран төгрөг авдаг. Ажлынхаа хажуугаар нь зураг зурах, хувь хүмүүсийн гуйлгаар хувийн эд зүйлийг засч сэргээх, шинэчлэх, цэвэрлэх ажлыг хийдэг.
-Гэр бүлийнх нь хүн ажлыг тань хэр ойлгож хүлээж авдаг вэ?
-Эхний үедээ жаахан хэцүү байсан. Мэдээж зураач хүний гэр ямар байдаг билээ дээ. Энд тэндгүй будаг, будагны үнэр танар гээд л. Хуучны эд зүйлээ засуулъя гэсэн хүний юмыг гэртээ хийнэ. Эхэндээ ойлгодогүй л байсан. Одоо бол элдэв асуудал гардаггүй.
-Хүн ер нь ажлаа амжилттай сайн хийхэд гэр бүлийн хүн, гэр бүлийн орчинд хүлээн зөвшөөрч, ойлгодог байх нь их чухал асуудал?
-Тэгэлгүй яахав. Би чинь хөдөө гадаа 2-3 сараар явчихна. Хамгийн багадаа л долоо хоног явна. Тэр бүхэнд ар гэр, үр хүүхдийн асуудлыг эхнэр маань ар ажлыг зохицуулна лаа. Тийм үед харилцан ойлголцохгүй бол болохгүй. Хүний амьдрал болохоор асуудал гарахгүй байна гэж юу байхав.
-Ер нь гэр бүлдээ хэр их цаг зарцуулдаг вэ?
- Бараг муу талдаа даа. Ажлын цагтаа ажлаа, амралтын өдрүүддээ гэр орны ажлаас илүүтэй хувь хүний захиалгаар зураг зурах, засч янзлах зэрэг ажил хүлээгдсэн байдаг. Энэ хугацааг л ашиглахгүй бол гараас юм гарахгүй шүү дээ.
-Таны зураг зурах авъяасыг тань өвлөсөн хүүхэд байгаа юу?
-Миний хүүхдүүд ч одоохондоо жаахан бага байна. Гэхдээ бага хүү маань намайг юм хийгээд суухаар хажууд маань зэрэгцэж суугаад машинаа зураад суудаг юм. Манай гэрийн нэг хана тэр чигтээ хүүгийн маань зураг өлгөөтэй . Яахав алсдаа том болоод өөрсдөө хүсээд аавынхаа ажлыг өвлье гэвэл дургүйцэхгүй.
-Түүх дурсгалын соёлын өвийг хууль бусаар тоноод байгаа иргэд өмнөд хөрш рүү хил дамнуулж худалдаалдаг гэж ярьдаг. Гэтэл ингэж худалдсан эд өлгийн зүйлийг судалж шинжлээд өөрсдийнхөө өвөг дээдэс хэмээн зарладаг ч гэдэг. Ер нь ийм асуудал гардаг юм болов уу?
-Ер нь бол судалгааны эргэлтэд бүрэн ороогүй газрын хөрсөнд байсан олдворыг хил дамнуулж, тухайн улсдаа бүртгэгдээд явахыг үгүйсгэх аргагүй. Харин манай байгууллагад бүртгэгдсэн түүхийн олдворыг гадагш худалдсан асуудал гарахгүй.
-Уншигчдад маань хандаад түүх дурсгалын соёлын өв, түүнийг хадгалж хамгаалах, хайрлах нь ямар чухал болох талаар ахин нэг сануулаач?
-Түүхийн дурсгалт эд зүйл хэдий чинээ олон жилийн настай байна. Тэр хугацааг тооцож, тухайн улс үндэстний түүх соёл, оршин тогтносон он цаг нь урагшилна. Монголчууд Хүннүгийн үеэс түүхээ ярьж эхэллээ. Ер нь түүх дурсгал гэдэг тухайн улс үндэстний чухал үнэт өв. Даяаршсан нийгэмд бүх юм чөлөөтэй болж, хил хязгаар, соёлын солилцоо нэмэгдэж байна. Тиймээс өвөг дээдсийнхээ үлдээсэн түүх соёлоороо л бид ийм түүхтэй ард түмэн гэж ялгарч үлдэнэ. Бодит түүхийн үнэн л биднийг хэн бэ гэдгийг гэрчилнэ. Хүн бүхэн энэ асуудлын нарийн утга учрыг ойлгодог байгаасай. Түүх соёлынхоо үнэ цэнийг мэдэхгүйгээс эвдэж устгаж, ашиг олох зорилгоор зараад байгаа юм болов уу гэж боддог. Ялангуяа боловсролын системд энэ талаар илүү ихийг зааж, бид ийм түүхтэй агуу ард түмэн шүү гэж бахархах сэтгэлийг төрүүлж, түүх соёлтой нь танилцуулмаар байна. Хүүхдүүдийг ингэж багаас нь түүх соёлтой нь танилцуулснаар хувь хүний төлөвшил тогтож, эх орноо гэсэн сэтгэлтэй болон хүмүүжинэ.
П.Наран




СЭТГЭГДЭЛ БИЧИХ