Михаил Подоляк: Оростой хэлэлцээ хийх нь Украины хувьд бууж өгснөөс ялгаагүй болно
ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украин руу халдсанаас хойш дөрөв дэх өдөр нь буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч хоёр талын анхны хэлэлцээ болж байлаа. Энэ хэлэлцээ хэд хэдэн үе шаттайгаар болж, хамгийн сүүлд Туркийн зуучлалтайгаар энэ улсад болсон ч ямар ч үр дүнд хүрэлгүй зогсонги байдалд ороод найман сарын нүүр үзэж байна. Сүүлийн үед хэлэлцээ сэргэж магадгүй талаарх мэдээлэл үе үе гарах болсон ч Украины тал хэлэлцээ мөд эхлэхгүй гэдгийг илтгэх мэдэгдлүүд хийсээр байгаа юм.