Монголын үндэсний, худалдаа аж үйлдвэрийн танхим 3500 гаруй аж ахуйн нэгжээс хатуу хөл хорио бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар цахимаар судалгаа авчээ. Энэхүү судалгаанд худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологи зэрэг салбар хамрагдсан байна. Борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл судалгаанд оролцогсдын 41 хувийг 100 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж эзэлж байсан бол таван тэрбум төгрөгөөс дээш орлоготой нь есөн хувийг бүрдүүлжээ. Ажиллагсдын тоогоор гэвэл 54 хувь нь 19 хүртэлх ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгч байна. Ковид 19 цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлжээ. Тухайлбал, үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр, барилга тэргүүтэй эдийн засгийн голлох суурь салбарт хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн байна.