“Казань-2013” универсиадын хөтөлбөрт сонгомол, чөлөөт бөхийн төрөл багтлаа
2012-05-21

ОХУ-ын Саранск хотод болж өнгөрсөн Дэлхийн цомын төлөө сонгомол бөхийн тэмцээний үеэр Олон улсын бөхийн төрлийн холбоо-ФИЛА-гийн Ерөнхийлөгч Рафаэль Мартинетти болон “Казань-2013” Зуны универсиад наадмын Ерөнхий захирал Владимира Леонов, Оросын бөхийн төрлүүдийн холбооны удирдлага уулзалт хийж 2013 онд ОХУ-ын Татар улсын нийслэл Казань хотод болох Зуны универсиад наадмын хөтөлбөрт сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлийг багтаах гэрээнд гарын үсэг зурцгаажээ. ОБТХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ФИЛА-гийн Европийн хорооны дэд ерөнхийлөгч Георгий Брюсов ярихдаа “Универсиад наадмын хөтөлбөрт спортын аль ч төрлийг оруулахдаа тухайн спортын олон улсын байгууллагын зөвшөөрлийг авдаг журамтай. Энэ журмыг тухайлбал Олон улсын оюутны спортын холбоо-ФИСУ болон ФИЛА-гийн хоорондын гэрээгээр зохицуулсан байдаг. “Казань-2013” Универсиад наадмыг Зохион байгуулах хорооноос Казань хотод болох наадмын хөтөлбөрт Татар улсын үндэсний спорт болох бүстэй барилдааны төрлийг оруулах саналыг дэвшүүлсэн, харин ФИЛА-гий зүгээс сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлийг оруулах шаардлагыг тавьсан юм. ФИЛА-гийн Ерөнхийлөгч Рафаэль Мартинетти, ФИСУ-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жорж Киллиан болон “Казань-2013” зуны универсиад наадмыг Зохион байгуулах хорооны анхны уулзалт 2009 онд Москва хотод болж Зуны универсиад наадмын хөтөлбөрт бөхийн төрлийг багтаах нэгдмэл байр сууринд хүртсэн. 400 гаруй бөхийн байр, хоол, тээвэрлэлт гээд олон асуудлаар бараг хоёр жил хэлэлцээ хийж сая эцсийн шийдвэрийг гарган гэрээ байгуулж “Казань-2013” Зуны универсиад наадмын хөтөлбөрт сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлийг тэрчлэн бүстэй барилдааны төрлийг албан ёсоор оруулжээ. А.Алт
Shuud.mn
Сонин хачин