“Өдрийн сонин” хулгайн анчидтай тэмцэхээ илэрхийллээ
2012-06-12

Хустайн нуруунд 13 буга хулгайгаар агнасан хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 30-31-нд шилжих шөнө гарсан билээ. Энэ талаар “Өдрийн сонин”-ы сурвалжлах баг цуврал сурвалжлага хийж уншигчдадаа хүргэсэн. Уг хэргийг үйлдсэн хулгайн анчдын талаар “Өдрийн сонин” мэдээлэл худалдан авах гэж байгаагаа зарлаж байна. Ингэхийн тулд бид тодорхой сан бүрдүүлэх бөгөөд байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэхүү санд хандив өргөхийг уриалж байгаа юм. Бид хандивын санд хэчнээн төгрөг цуглаж байгааг тодорхой үе шаттайгаар нийтэд мэдээлнэ. Мөн хандив өргөсөн хувь хүн, албан байгууллагын талаар “Өдрийн сонин”-д болон сониныхоо цахим хаягаар сурталчлах юм.  Манай сангийн данс: ХААН банк-Өсөх дэвжих сан ТББ-ын 5028059559. Хустайн нуруунд нэг шөнийн дотор 13 буга хулгайгаар агнасан анчид бугын чив, сав, сүүл, цусан эврийг нь аваад явсан байжээ. 13 бугын гурав нь янзгалах дөхсөн согоо байсан бөгөөд хээлийг нь гаргаж хаяад савыг нь аваад явсан байна. Энэ мэтчилэн тоо толгой нь цөөрснөөс устах аюулд хүрч, дархлагдсан амьтдыг хулгайгаар агнах явдал гарсаар байгаа юм. Ийм хэргийг үйлдэгчид нь зохион байгуулалттай сүлжээнд орсон, хууль бус аргаар олсон мөнгөнийхөө амтанд орж дахин дахин хэрэг хийж байгаа нь сурвалжлагын явцад илэрлээ. Иймд манай сонин дээрх хэрэгтэй тууштай тэмцэхээ зарлаж байгаа юм. Бид хандивын дансанд цугласан мөнгө шаардлагатай хэмжээнд хүрмэгц хулгайн анчдын талаар мэдээлэл авахаа орон даяар зарлана.
Shuud.mn
Сонин хачин