Рүүнигийн мөргөлт Английн шигшээг шөвгийн наймд үлдээлээ
2012-06-20

Өнгөрсөн шөнө болсон Англи-Укриан, Франц-Шведийн тоглолтоор хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Англи болон Укрианы шигшээгийн тоглолтоос их зүйл шалтгаалах байлаа. Аль хожсон нь тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх учраас тэр. Тиймээс тоглолт ширүүн өрнөсөн гэж болно. Хоёрдугаар үе эхлээд гурав дахь минутад Уэйн Рүүни Стивен Жеррардын дамжуулалтаар хачиртай ирсэн бөмбөгийг толгойгоороо мөргөж гоолдсон юм. Ингээд англичууд онооны давамгайллаа хүлээж байсан мэт хамгаалалтын хайрцагтаа шилжсэн. Укрианчууд нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд ширүүн довтолгоог өрнүүлж, тоглолтын санаачлагыг гартаа авсан байлаа. Гэсэн ч англичуудын хамгаалалт зүү орох зайгүй шахам байлаа. Энэ тоглолтод укрианчууд 58 хувь, англичууд 42 хувь бөмбөг эзэмшсэн гэх үзүүлэлт гарчээ. Мөн Укрианы шигшээ 16 цохилт хийсэн бол англичууд 9 цохилт хийсэн гэх. Булангийн цохилтоор ч укрианчууд илүү байсан нь тоглолтыг эргүүлэх гэж хичээснийг батална. Ийнхүү Укрианы шигшээ хэсгийн тоглолтоос хасагдсанаар Европын аваргыг зохион байгуулагч хоёр улс хоёул тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Укрианы шигшээгийн дасгалжуулагч Олег Блохин ч хэлсэндээ хүрч англичуудаас давуу тоглосон ч түүний залууст гоол хийх аз дутлаа. Харин англичууд илүү азтай байж Жеррардын гайхамшигтай мэдрэмжтэй дамжуулалт гурав дахь удаагаа гоол болох нь тэр. Рүүни ч хэлсэндээ байж энэ тоглолтын баатраар тодорлоо. Гайхалтай гоол гэхээс илүү байрлалаа сайн авсны ачаар орсон гоолоор Гурван арслангийн шигшээ хэсгээсээ нэгдүгээр байраар гарч Италийн шигшээтэй шөвгийн наймд тулгарлаа. Харин өнгөрсөн шөнө болсон нөгөө тоглолтын хувьд гэвэл Лоран Бланкийн залуус муу байлаа. Тэд нэгэнт нутаг буцах нь тодорхой болсон Шведийн шигшээд 2:0-ээр ялагдлаа. Тоглолтын хоёрдугаар үе эхлээд удаагүй байтал Златан Ибрагимович, 90+1 дэх минутад Ларссон нар гоолдож Англи, Укрианд хожигдсоныхоо хариуг Францаас заналтай авах нь тэр. Тоглолтын санаачлагыг францчууд түлхүү авч байсан ч тэд дэлхийн аварга Испанийн амнаас бултаж чадсангүй. Ингэснээр Францын шигшээ хэсгээсээ 4 оноотойгоор, хоёрдугаар байраар гарч шөвгийн наймд “Ялагдашгүй Армада”-тай учраа таарлаа. Ингээд тоглолтын хуваарийг сонордуулья. Зургадугаар сарын 21-нд: Чех-Португали 02.45 /Улаанбаатарын цагаар/ Зургадугаар сарын 22-нд: Герман-Грек 02.45 /Улаанбаатарын цагаар/ Зургадугаар сарын 23-нд: Испани-Франц 03.45 /Улаанбаатарын цагаар/ Зургадугаар сарын 24-нд: Англи-Итали 03.45 /Улаанбаатарын цагаар/ О.Нар
Shuud.mn
Сонин хачин