Ачааны автомашин явах хөдөлгөөнд өөрчлөлт оржээ
2012-06-26

 "Нарантуул" худалдааны төвийн баруун урд уулзвараас урагшаа  төмөр замын гармаар гараад "Баянмонгол" хороолол, цаашлаад 120 мянгатын аюулгүйн тойргийг холбосон шинэ зам ашиглалтад ороод байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим төрлийн ачааны автомашины хөдөлгөөнд өөрчлөлт орж байна. Тодруулбал, "Нарантуул" худалдааны төвийн баруун урд уулзвараас баруун тийш "Нарны зам"-ын хэсгээр хөдөлгөөнд оролцдог байсан “С” зөвшөөрөлтэй ачааны автомашинууд дээрх шинэ замаар явахаар болжээ. "Нарантуул" худалдааны төвийн баруун урд уулзварт хойноосоо буюу зүүн дөрвөн замаас урагшаа чиглэсэн “С” зөвшөөрөлтэй ачааны автомашин уг уулзвараар баруун гар тийш эргэхгүй чигээрээ "Баянмонгол" хороолол руу эргэдэг гарц өнгөрч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд гэрлэн дохиотой уулзвараар баруун тийш эргэж Их Монгол улсын гудамжаар хойшоо явж байгаад "Баянмонгол" хорооллын баруун талын тойрог хөдөлгөөнтэй уулзвараар зүүн эргэж Гандийн гудамжтай нийлэн хуучин маршрутаараа хөдөлгөөнд оролцоно. "Нарантуул" худалдааны төвийн баруун урд уулзварт зүүн талаасаа баруун тийш чиглэн явж байгаа “С” зөвшөөрөлтэй автомашины жолооч нар чигээрээ явалгүйгээр баруун зүүн тийш эргэж явах ба зүүн тийш эргэсэн тохиолдолд шинэ замаараа дээрх байдлаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэх юм. Харин баруунаасаа буюу Гандийн гудамжаар зүүн тийш явж байгаа “С” зөвшөөрөлтэй автомашины жолооч нар "Баянмонгол" хорооллын баруун талын тойрог хөдөлгөөнтэй уулзвараар баруун эргэж, Их Монгол улсын гудамжаар урагшаа явж байгаа гэрэл дохиотой уулзвараар зүүн эргэж шинэ замаар явсаар "Нарантуул" олон улсын худалдааны төвийн баруун урд уулзварт урдаасаа ирэх ба уулзвараар зүүн тийшээ эргэхгүй чигээрээ буюу баруун тийш эргэж явахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас баруун тийш Замын цагдаагийн газрын урд уулзвар хүртлэх "Нарны зам"-ын хэсгээр “С” зөвшөөрөлтэй ачааны автомашин явахыг хориглож байгаа юм. Замын тэмдэг тэмдэглэл нь тавигдсан учир зохицуулагчийн дохио тэмдэг, тэмдэглэлийг ягштал баримтлан, зам тээврийн осол зөрчил гаргахгүй,  хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин