Олимпийн наадмын аюулгүй байдал хэвийн байгаа
2012-08-02

Лондонгийн цагдаагийн газрын дарга Кристин Жонсны хэлснээр Лондон 2012 Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангах ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэнэ. Олимпийн нээлт болохоос өмнө хамгийн гол шийдэх асуудал аюулгүй байдал байсан юм. Иймээс 13 мянган цэргийг наадмын үеэр хамгаалалтанд гаргасан байна. Одоогийн байдлаар арга хэмжээ хэвийн явагдаж байгаа юм. Кристин Жонс хэлэхдээ “Бид олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж болох бүх зүйлийг хянаж, ажиглалтандаа авсан. Цагдаа нар өдөр тутмын хийдэг ажлаасаа гадна наамдын аюулгүй байдлыг анхаарч байгаа. Лондонгийн цагдаа нар хөл үймээн ихтэй олон нийтийн арга хэмжээний үеэр олон цагаар ачаалалтай ажиллаж сурсан учир олимпийн үеэр ч өндөр ур чадвартайгаар ажиллаж чадна. Тус арга хэмжээнд зориулж Лондонгийн цагдаа нар тусгай сургуулилт хийсэн. Наадмын үеэр гадны олон дээд тушаалтнууд Их Британид байх учраас тэднийг хамгаалах хангалттай тооны аюулгүйн ажилчид шаардагдана. Зэвсэглэсэн хамгаалалтын ажилчдын тоо өдөр тутам ажиллаж байгаа цагдаа нарын тоотой бараг л адил” гэсэн юм. Хөлбөмбөгийн тэмцээн явагдах зургаан стадионы нэг Вембли цэнгэлдэх хүрээлэнгийн түлхүүр алга болсон талаар асуухад тэрээр “Тухайн үед аюулгүй байдалд хохирол учруулах ямар нэг зүйл болоогүй, цоожийг сольсон. Гэхдээ бага зэрэг ичгэвтэр хэрэг боллоо” хэмээсэн байна. Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангахаар гэрээ хийсэн олон улсын хамгаалалтын байгууллага болох “G4S “ нээлт болохоос хэдхэн өдрийн өмнө гэрээнд заасан тооны хүмүүсийг ажиллуулж чадахгүй гэдгээ хэлсэн юм. Иймээс Британийн Засгийн газар дөнгөж үүрэгт ачлаасаа чөлөөлөгдсөн, эсвэл чөлөөлөгдөх гэж байсан хэдэн мянган цэргүүдийг татахаас өөр аргагүй болсон байна.       Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин