Аваргатай өдөр
2012-08-07

Наймдугаар сарын 14 дөтлөн тодрон гэрэлтсээр авай. Эдүгээгээс яг дөрвөн жилийн өмнөх нуур, ногоо хальсан намрын энэ өдөр Монгол Улс олимпийн аваргатай болсон дэлхийн 92 дахь орон хэмээн бөмбөрцөг даяар цуурайлж байв. Зуны спортын хорин ес дэх буюу “Бээжин-2008” олимпийн жүдо бөхийн татами дээр Найдангийн Түвшинбаяр өвдөг шороодолгүй магнайлж олимпийн анхны монгол аварга төрснөөр дээрх дуулианыг дэгдээсэн бөлгөө. Монголчууд хүн төрөлхтөний цэнгэлийн манлай олимпийн дэвжээнд олон барилдсан. Олон ялж байсан. Медаль авч байсан. Гэхдээ түрүүлж байсан нь үгүй. Ялагдалгүй, гагцхүү нэг ч ялагдалгүй босоо үлдэн түрүүлэх нь Чингисийн цусныхны, алтан хялгана долгилсон тал нутгийнхны бүхэл бүтэн чилийсэн дөчин дөрвөн жилийн хүлээлт, мөрөөдөл байлаа. Тэрхүү их хүлээлтийн хэрмийг цууртал цахисан гялбаа, мөрөөдлийн цангааг тайлж асгарсан их аадар нь Булган аймгийн Сайхан сумын “унаган” Түвшинбаяр. Түүний барилдсан жин -100 кг. “Бээжин-2008”-ын гараагаа тэр гайхалтай хийсэн. Японы алдарт бөх, олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Кейжи Сүзүкиг давхар хамж өндөрт өргөн шидэж давсан барилдаан одоо ч олон зүрхийг догдлуулж, олон сэтгэлийн хойморт завилан буй. Харин Кейжи Сүзүкид насан туршдаа Монголыг үл мартах таатай, таагүй хоёр дурсамж барлагдан үлдсэн нь маргаангүй. Монголын үндэсний олимпийн хорооны санаачилгаар Олон улсын олимпийн хороо “Чингис хаан” цомыг бий болгож тулааны спортын төрөлд гайхамшигтай амжилт гаргасан тамирчинд хоёр жил тутам олгож байхаар шийдвэрлэсэн билээ. Дэлхийн цуут хаанаар нэрлэгдсэн энэ гэрэлт цомын анхны эзэн нь Кейжи Сүзүки. 2007 онд Монголд хүрэлцэн ирж цомоо арвин хүндэтгэлтэйгээр гардсан мөч хором түүний амьдралын алтан дуурьслын нэгэн байсан нь гарцаагүй. Гэтэл ердөө ганцхан жилийн дараа олимпийн дэвжээнд мөнөөхөн их хүндлэлт цом гардсан нутгийн, олонд төдийлөн танигдаагүй залууд ялагдаж олимпийн аваргын алтан медалиа ихэрлүүлэх мөрөөдөлдөө цэг хатгах чинээ зүүдлээгүй л явсан биз ээ. Мөнхүү тэр өдөр Түвшинбаярт ялагдсан Германы бөх Бенжамин Берлата, БНСУ-ын бөх Жан Сун Хо, Азербайжаны бөх, дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн цомын аварга Мовлуд Миралиав, Казахстаны бөх Асхат Житкеев нар Монголын Түвшинбаяр барилдаагүй бол, түүнтэй таараагүй бол... гэж харамсан бодсон нь мэдээж. Тэгээд аваргыг л барсангүй дээ хэмээн эр сэтгэлийн гунигаа шилгээн тайтгарсан нь баараггүй. Сайхан уул өгүүлэх ину. Наян дөрвөн оны зургадугаар сарын нэгний хүүхдийн баяраар шүү дээ. Хүүтэй боллоо гэж Найдан сумаас гэр рүүгээ бэлийн минь салхийг үймүүлэн давхиж байж билээ. Цэнд-Аюуш тэр хоёр их л бэлгэ дэмбэрэл бодож удалгүй хүүдээ Түвшинбаяр гэсэн сайхан нэр хайрласан даг. Тэр сумандаа дунд, аймгийн төвд очиж аравдугаар ангиа дүүргээд л холын хотыг зорьсон доо. Тэр чинь 2002 оны намар. Хацар нүүрийг нь салхиараа зөөлөн зөөлөн илбэж үлдэхдээ хэзээ нэгэн цагт түүнийг уул усаа, Монголоо дуурсгах аварга хүчит бөх болно оо гэдгийг би мэдэж байсаан... Хулжийн гол өгүүлэх ину. Даага, шүдлэнгийн “ам хагалж”, хөвөөгөөр минь үеийнхэнтэйгээ дарвин чавхдаж, ус үсчүүлэн намайг хөндлөн гулд гатчиж өссөн юм. Уснаас минь амсах гэж өвдөг сөхрөн тонгойдог юм. Олимпийн аваргын алтан медаль хүзүүндээ зүүх гэж тонгойж байгаа харагдсан. Ариун уснаас минь амсах, алтан медаль авах хоёрт л тонгойхоос бусдад гудайхгүй, эх орныхоо нэрийг ч тонгойлгохгүй сайн хүү... Аав нь хэлэх ину. Багын л миний хүү чинь их бага гэлтгүй орсон гарсантай ноцолдож явдаг хүүхэд байв. Сургуульд байхдаа бодвол номноос уншсан юм байгаа биз, халхын домогт аварга Намхайн үүзэл суухай мэхийг хийдэг бөх болно гэж ярьдаг байв... Ээж нь хэлэх ину. Миний хүү чинь зөвхөн миний хүү биш Монголын ард түмний хүү байсан байна шүү дээ... Нутгийнх нь ах хэлэх ину. Манай зэргэлдээ сумын Чойжил хөгшний 70 насны найрт зориулсан барилдаанд Түвшээ хавийн ханхайсан сайхан ах нараа цувуулан хаяж түрүүлж байв. Арван гурав, дөрөвтэй л байхдаа шүү дээ. Магадгүй анхны түрүү нь тэр байх шүү... Жүдогийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  гавьяат хэлэх ину. Түвшээ бол өөрөөсөө илүү, өөрөөсөө том цолтой бөхтэй л барилдахыг ямагт чухалчилдаг хүн. Энэ бол түүний амжилтын гол түлхүүр нь... Ярьж байв, монголоороо л нэг ярьж байв. Түүний тухай, Түвшинбаярын тухай. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан жил... гэдэг шиг Найдангийн Түвшинбаяр олимпийн аварга болсон жил..., Найдангийн Түвшинбаяр олимпийн аварга болсны түрүү жил..., Найдангийн Түвшинбаярын олимпод түрүүлсний хойтон... гэхчилэн цаг хугацаа, үйл явдлыг түүнтэй, түүний амжилттай хамаатуулан Монголын нэн шинэ үеийн түүх үргэлжилж эхэлсэн бөлгөө. Урьд нь хэн ч хүрээгүй оргилд монголчуудаас тэр л гарч чадсан юм чинь, урьд нь хэн ч аваагүй алдрыг монголчуудаас тэр л хүртсэн юм чинь, урьд нь хэнд ч төрөөгүй мэдрэмжийг монголчууддаа тэр л мэдрүүлсэн юм чинь, урьд нь хэн ч амтлаагүй их баярыг монголчууддаа тэр л авчирсан юм чинь аргагүй шүү дээ, аргагүй. Цээнзэнгийн Галбадрах  
Shuud.mn
Сонин хачин
Дахиад Хөдөлмөрийн баатар цол шагная. Яагаад болохгүй гэж. Хошой хөдөлмөрийн баатар л болно биз. Урьд нь байгаагүй амжилт гаргасан юм чинь урьд нь байгаагүй л цол шагнах хэрэгтэй.
2012-08-07
Зочин:
Амжилт хүсье
2012-08-07
gaihaltai:
avargiin tuhai Galaa setgyylch saihan bichjee. yneheer saihan hynii tuhai saihan bichseniig unchihad setgel huvsulzuud neg l saihan bolchloo. Amjilt
2012-08-07
Дуу:
Chmaar baharhaj bna Tvwshee
2012-08-07
ugaasaa l hudulmuriin baaatar shuu dee.. yu yariaad baigaa yum be dee
2012-08-07
Jack:
Hudulmuriin baatariig ni odoo l ugchih heregtei, Uneheer undesnii maani baharhal bolson AWARGA shuu
2012-08-07
ugaasaa l hudulmuriin baaatar shuu dee.. yu yariaad baigaa yum be dee
Undesnii baharhal shuu amjilt husie
2012-08-07
m:
minii tanidag hvn bvrl tvwshee awargiig saihan daruuhan zaluu bn gej mtatsgaajbna, awarga maan ygl ene zangaaraa bgaasai, tand hamgiin sain saihaniig hvsie.
2012-08-07
Baharhaj bna:
Uneheer baharhaj bna. Magtahgui bhin argagui.
2012-08-07