Триатлоны тэмцээнийг 300 мянган хүн үзлээ
2012-08-08

Лондон хот зуны олимпийн наадмыг гуравдахь удаагаа хүлээн авч зохион байгуулсан дэлхийн анхны хот. Британи гүрэн, Лондоны ард түмнийг жинхэнэ хөөрүүлж баясган цөсийг нь хөөргөсөн үйл явдал өнөөдөр боллоо. Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн триатлоны тэмцээн Лондоны төвийн Хайд паркт явагдаж, тэмцээнийг нийтдээ 300 мянган хүн ирж үзэж сонирхсон байна. Хайд парк, Букингемийн ордон, Молл гээд энэхүү ихэмсэг хотын эрхэмсэг газруудыг тойрон дэлхийн шилдэг 55 триатлонч сэлж, дугуй унаж, гүйж, бас үзэгчдээ дагуулж уралдлаа. Ноднин яг энд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цуврал энд болж, Лондоны уугуул ах дүү Браунли түрүүлсэн түүхийг Британийн 62 сая иргэн хүлээж байсан нь мэдээж. Тэр ч ёсоор болж, ах нь (дэлхийн хошой аварга Алистер Браунли) түрүүлж, дүү Жонатан Браунли хүрэл медалийн эзэн болов. Тэдний дундуур шургалсан "этгээд" нь мөн л дэлхийн нэртэй од Хавьер Гомес билээ. Уралдааныг ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге, Лондоны олимпийн зохион байгуулах хорооны дарга Себастьян Коэ нарын хүндэт зочид үзэж сонирхлоо.                            
Shuud.mn
Сонин хачин