НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн авгай барилга угсралтын ямар ч зөвшөөрөлгүй барилга дээр ноцтой осол гарч, хүний аминд хүрээд байхад “шаардах хуудас өгсөн ш дээ, би ажлаасаа халагдахгүй” гээд гүрийж байна. Яг одоо ийм зөвшөөрөлгүй 79 барилга нийслэлд баригдаж байна. Үүнд хатуу хяналт тавих учиртай улсын мэргэжлийн хяналтын байцаагч нарын дарга нь өөрийгөө өмөөрөөд ийнхүү зогсож байхад их барилгын салбарт хууль журам яаж ч хэрэгжих билээ. Барилга угсралтын талбайд өчнөөн аваар осол гарч байхад их хотын өмнөх удирдлага улсын байцаагч нарт олигтой хариуцлага огт тооцож байсангүй.
Саяхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн шахаж шаардсанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт баригдаж буй барилга угсралтын ажил эрхлэх үндсэн зөвшөөрөл (БУАЭҮЗ)-гүй 79 барилгын жагсаалт гарсан байна. Үүнд Сүхбаатар дүүрэгт 16, Налайхад нэг, Сонгинохайрхан дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт 11, Баянгол дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 19 барилгыг дор хаяж суурийг нь тавьсан, цаашилбал арван хэдэн давхар хүртэл барьж, зарим нь бүр дуусгажээ. УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт дахин зодоглохоор болсон тус дүүргийн засаг ноён Б.Батзоригийн довон дээр хууль бус барилгууд хамгийн олноор босч байхад мань эр ард түмнийхээ төлөө ажиллах ам тангараг тавиад экс гишүүн Д.Арвинтай үзэлцэж явна.
Ная шахам барилга зөвшөөрөлгүй босч байхад барилгын хяналтын улсын байцаагчдаас зөрчлийн, мэдэгдэх, шаардах хуудас хүргүүлэх төдийхнөөр үндсэн үүргээ хязгаарлаж, сайндаа л хоёр сая төгрөгөөр торгосон нь хачирхалтай. Нийтийн албаны эдгээр албан хаагчдад нийтийн биш, хувийн ашиг сонирхол дээд зэргээр үйлчилж буйгийн яруу тод нотолгоо энэ биш гэж үү. Хуушуур, бууз хийдэг цайны газрууд, захын лангуу түрээслэгчдэд жигтэйхэн ширүүн ханддаг тэд их мөнгөний сүрд шалчийтлаа дарагддаг бололтой.
Зөвшөөрөлгүй 79 барилгын захилагч, гүйцэтгэгч компаниуд дотор мөнөөх топ, шилдэг, манлай цолтнууд цөөнгүй байна. Энэ талаар манай Shuud.mn толгой дараалан буух эзэн, буцах хаягтай нь мэдээлнэ. Иргэд
info@shuud.mn хаягаар хандаж болно.
Х.Аянга