Д.Отгонцэцэг З.Рахмановагаас даагаа нэхнэ
2012-09-22

Ирэх долоо хоногт (есдүгээр сарын 25-30) Канадын Страткона хотод эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тус тэмцээнд оролцох ОХУ-ын багийн бүрэлдэхүүн тодорч, 51 кг-ийн жинд ноднингийн ДАШТ-ий үзүүр түрүүнд манай ОУХМ Д.Отгонцэцэгийг маргаантайхан хожин дэлхийн аварга цол хүртсэн дагестан бүсгүй Замира Рахманова дахин ирэхээр болжээ. Түүний тухайд Оросын шигшээгийн ерөнхий дасгалжуулагч Юрий Шахмурадов "Дасгалжуулагчдын зөвлөлөөр нухацтай хэлэлцээд 51 кг-д түүнийг сонголоо. Тэрээр туршлагаар бусдаас илүү байж, сүүлийн дөрвөн сарын хугацаанд тасралтгүй бэлтгэл хийсэн" хэмээв. Тус ДАШТ-д оросууд сайн барилдах зорилготой бөгөөд эмэгтэй бөх хөгжсөн 20 жилийн хугацаанд тус улсаас дөрөвхөн дэлхийн аварга төрүүлсэнд сэтгэл дундуур явдгаа Шахмурадов нуугаагүй. Тэрээр "Бидэнд ямар их нөөц бололцоо буйг Лондонд харуулж, Наталья Воробьева олимпийн аварга болсон. Нааш цааш хоосон явахаа больё. Бүх тамирчин маань медалийн төлөө өрсөлдөх боломжтой. Хяналтын барилдаануудаас харахад манай охидод тийм төсөөлөл бий болгосон" гэжээ. ОХУ-ын багийн бүрэлдэхүүн: 48 кг Любовь Сальникова 51 кг Замира Рахманова (дэлхийн аварга-2011) 55 кг Мария Гурова (Европийн хүрэл медальт-2011, 2012) 59 кг Екатерина Мельникова 63 кг Анастасия Братчикова 67 кг Ирина Богданова 72 кг Екатерина Букина (ДАШТ-ий мөнгөн медальт-2011) Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин