Тавантолгойн хувьцаа саамшрах уу
2012-10-01

Ягаан, цэнхэр тасалбар. Бидний үеийнхэн хувийн өмчид дайн зарласан социализмын үед өсч өндийсөн. Азаар 1990 онд ардчилсан хувьсгал ялж, Бүгд найрамдах ёсыг халснаар шинэ Үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан зах зээлийн нийгэм байгуулах замыг сонголоо. Хүн болгон хувийн өмчтэй болж, түүнийг хуулиар хамгаалах болов. 70 жилд босгосон социализмын материал техникийн баазаа хуваан авч, ёстой л эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй хөрөнгөжих замын эхэнд толгойтой болгонд өмч хувьчлалын ягаан тасалбар, хөрөнгө оруулалтын цэнхэр эрхийн бичиг тараасан юм. Хоёрхон жилийн дотор 300 гаруй нэгдэл, 30 гаруй сангийн аж ахуйн мал сүрэг, тарактор комбайнаас эхлээд нэгдлийн гуанзны халбага, сэрээ хүртэл хувьчлагдав. Эхнэрээ амаржихад шөлний төлөгний мэдэлгүй байсан нэгдлийн гишүүд, нэгдэлжих хөдөлгөөнөөр малаа нийгэмчилсэн хүмүүсийн үр сад бүгдээрээ малжив. Ягаан тасалбарыг юман чинээ бодоогүй олон хүн гарын салаагаараа урсгаж, нарийн учрыг түрүүлж ухаарсан цөөнхийн идэш болгожээ. Удалгүй улсын хэмжээгээр 475 том, жижиг улсын үйлдвэрийг  хөрөнгө оруулалтын эрхийн цэнхэр бичгээр хувьчлахад аанай л амаа ангайж, архи пиво, арьс шир, ноос ноолуур, мах сүүний хэдхэн том комбинатад оруулсан болж, нэлээд хэсэг нь брокерийн пүүсүүдийн гараар орох нь тэр. Дэл сул ягаан, цэнхэр тасалбар цуглуулж, их хувьчлалаар хөрөнгөжсөн гучаад гэр бүл одоо ноёрхлоо тогтоожээ. Төр, засгаас орон сууцыг хувьчилсны дараа иргэдэд газрыг өмчлүүлэх шийдвэр гарч, одоо 10 хүрэхгүй хувьтай их л хойрго хэрэгжиж байна. Гэтэл хотод газрын үнэ тэнгэрт хадаж, газрын наймаа гаарч байдаг. Хот суурийн газрын нэг иргэнд 0,07 га өмчлүүлэх хуулийн дагуу бол Монголын хүн ам 27 саяд хүрсэн ч газар нутгийн дөнгөж нэг хувь эзэнтэй болох юм гэсэн. Хувь хишгийн мөнгө ба хувьцаа Ард түмэн Тавантолгойн хувьцаа саамшрахыг хүлээж ядаж байна. Шинэ зууны өнгөнд өмнийн говиос дэлхийн чихийг дэлдийлгэсэн зэсийн асар том орд илэрлээ. Эхлээд Оюутолгой, дараа нь Тавантолгой гадаадынхны арааны шүлсийг асгаруулж, их мөнгөний үнэр ханхийв. 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН (МАХН) эх орны хишиг 1,5 сая, АН эрдэнийн хувь нэг сая төгрөг өгөхөөр амлаж, парламентад бараг зуузай холбон орж ирсэн. Тэгээд Засгийн газарт  дэр нэгтгэж, хоёр жилийн дараа хувь хишгийн 1,5 саяыг увуулж цувуулж олгох тухай шийдвэрлэж, одоо нэг сая төгрөгийн зарим нь үлдээд байна. Улс төрийн намууд амласнаа хэлсэн ёсоороо өгөлгүй, луу унжсаар олныг залхааж орхисон хандлагад Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газар цэг тавих болов уу хэмээн найдаж байна. Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрөөд байхад “Хүний хөгжил” сангийн 21 мянгыг үнэртүүлэх төдий олгож байсан нь олныг ундууцуулахад хүргэсэн. Ингээд УИХ-ын 39 дүгээр тогтоолд Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит ХК байгуулж, “компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалахдаа Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр нэг удаа эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдах, 29 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах” гэж заасан билээ. Гэтэл хувь хишгийн сая төгрөг ум хумгүй нэхэгдэхийн даваан дээр мөнөөх үнэ төлбөргүй эзэмшүүлэх 536 ширхэг хувьцааны тоог 1072 болгож мөнгө, хувьцаа хоёрынхоо аль нэгийг сонгох ацан шалаанд оруулсан юм. Гэхдээ өнөөдөр аль нь ч бэлэн биш байна. Хувьцаагаа авъя гэвэл холоо хэвтэнэ. Уг нь газрын баялгийг ард түмэнтэйгээ хуваалцах хамгийн сайн арга Хөрөнгийн биржээр дамжуулан иргэддээ хувьцаа эзэмшүүлэх явдал. Одоогийн байдлаар төрийн мэдлийн том Тавантолгойн нүүрсний ордын хөрс хуулалтын ажил эхэлж, олборлолт эхлэх болоогүй байна. Энэ бол алаагүй баавгайн арьстай адил. Нөгөөтэйгүүр манай Хөрөнгийн бирж 1991 онд байгуулагдаж, 1995 оноос үнэт цаасны арилжаа эрхэлж эхэлсэн ч хөлд ороогүй, хөрөнгийн зах зээл хөгжөөгүй байна. Гэтэл нас чацуу Варшав, Будапештийн бирж олон улсын энд хэдийнэ хүрчээ. Иймээс жил гаруйн өмнө Лондонгийн хөрөнгийн биржтэй удирдлага, зохион байгуулалтын түвшинд хамтран ажиллаж, төлбөр тооцооны системийг дэлхийн стандартад хүргэх, дотоодын хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн хөрвөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, олон улсын стандартад нийцсэн мэдээлэл, арилжааны технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл удирдлага нь   Лондонгийн биржийн мэдэлд шилжээд байна. Тавантолгойн хувьцаа талаар болох уу УИХ Тавантолгойн асуудлыг нэлээд дорвитой босгож ирэх сураг гарав. Гэхдээ нүүрс одоо үнс болох шахжээ. Өмнөх хамтарсан Засгийн газрын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын гурван жил шахмын өмнө хэлснээр бол Хөрөнгийн бирж стратегийн орд газрын нийт хувьцааны тодорхой хэсгийг үндэсний хөрөнгийн биржээр дамжуулан арилжих хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийг ард иргэдэд эзэмшүүлэх ажлыг хэдийнэ эхэлсэн байх ёстой. Гэтэл эрхэм гишүүд 1032 ширхэг хувьцааг нэг сая төгрөгт дүйцүүлсэн нь дунджаар нэгж хувьцааны ханшийг мянга орчимд үнэлж байгаа хэрэг. Энэ ханшаар гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд арилжаалбал үнэгүйдүүлж, дорвитой хөрөнгө босгож чадахгүй. Олон улсын томоохон биржүүдийн шалгуурыг даах бяр алга. Яагаад том Тавантолгойн ордоос өрсөж,  “Энержи ресурс”-ийнхэн Ухаахудагийн зах зухаар Хонконгийн бирж дээрээс 700 сая ам. долларын хөрөнгийг амжилттай босгосон. Эднийх хуулийн дагуу Хонконгод бүртгэлтэй компани байгуулахын тулд олон улсын аудит, татвар, геологи, хөрөнгө оруулалтын хүлээн зөвшөөрөгдсөн компаниудыг хөлсөлж, удирдах зөвлөлдөө хүртэл Английн иргэнийг оруулж байж хөл тавьсан. Оюутолгойн ордоор Роберт Фрийдланд Торонтогийн бирж дээр хөрөнгө босгохын тулд “Айвенхоу майнз лимитед” гэдэг компани байгуулж бүртгүүлсэн. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг энэ. Хорт Боб хочит тэрээр Африкийн Конго, Габон, ӨАБНУ-д мөнөөх мөнгөөрөө никель, платинум, төмрийн хүдрийн төсөл эзэмшдэг “Ivanplat” компани байгуулж, сүүлдээ Оюутолгойн төслийг Рио Тинтод худалдаж орхисон. Ийнхүү гадаадын уул уурхайн акулууд Монголын баялгаар дэлхийн хөрөнгийн зах зээлд хүүдэгнэж байна. “Айвенхоу майнз” ХХК-ийн 34 хувь, “Айвенхоу майнз лимитед” ХК-ийн 34 хувь гэдэг өдөр шөнө шиг ялгаатай. ХХК-ийн 34 хувийг Монголын төр эзэмших гэрээ байгуулсан цөөхөн хүн хорт Бобын өмнө хормойгоо дэвсээгүй гэвэл юу л бол доо. Харин үндсэний компаниудын нэгдэл “Энержи ресурс”-ийн үйл ажиллагаа өөдрөг байгаа. Орон нутагт ч бүтээн байгуулалтын ихээхэн ажил хийж байна. Тавантолгойн коксжих нүүрсийг цагтаа 70 ам. доллараар гадагш гаргалаа хэмээн бухимдаж байсан ч цагт нь амжуулж дэлхийн зах зээлд таниулсан нь одоо бодоход хожжээ. Тавантолгойн багаахан хэсгийг хамарсан Ухаа худагийг үндэсний цөөн компаниудын нэгдэл өмчилдөг ч хувьцаа нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр нээлттэй зарагддаг. Түүний 11,4 хувийн хувьцаа эзэмшигч “Петровис” өнгөрсөн хавар 68 сая ширхэг хувьцаагаа 7,35-7,65 конконг доллараар үнэлж зарсан нь том Тавантолгойг бодвол хэдийнэ хишгээ хүртээж эхэлсэн байна. Экс Ерөнхий сайд С.Батболд олигархийн тогтолцооноос олон нийтийн компанийн тогтолцоонд шилжих цаг болсон гэж нэгэнтээ хэлж байсан ч амьдралд наалдаагүй. Монголчуудын мөнгийг сааж буй хэрнээ монгол хүнд огтхон ч хүртээлгүй “Мобиком”, “Скайтель”, “АПУ”, “Петровис” зэрэг хувьцаат нэртэй компаниудын засаглалыг олон нийтийн оролцоотой болгох нээлттэй алхам Монголын  ард түмний амьжиргаанд тустай. Иргэд Н.Алтанхуягийн Засгийн газраас Тавантолгойн хувьцааг гар дээрээ тавихыг хүсч байна. Х.Аянга
Shuud.mn
Сонин хачин
батаа:
Зоригийн хэргийн талаар маш сонирхолтой мэдээ байна. Манайхаан орж сонирхоорой. Үнэн байж магадгүй л юм байна!!! www.mojgorhuu.wordpress.com
2012-10-01